Гэрийн ажил, хүүхэд асрах зэрэг нь зөвхөн эмэгтэй хүний үүрэг биш

#FactCheckedByMFCC

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Гэрийн ажил, хүүхэд асрахыг өрх, гэрт эмэгтэйчүүд л хийх ёстой гэх хандлага түгээмэл байдаг.

Баримт шалгалтын үр дүн

Өрх, гэрийн хөдөлмөрийн ялгаатай хуваарилалт, зөрүүтэй байдал нь эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, цаашлаад улс орны эдийн засагт ч сөргөөр нөлөөлж байдаг тул гэрийн ажил, үүргийг тэнцүү хуваарилах, хүйсийн тэнцвэртэй байдлыг баримтлах нь чухал.

Гэрийн ажил, хүүхэд асрахыг өрх, гэрт эмэгтэйчүүд л хийх ёстой гэх хандлага түгээмэл байдаг. Хүнийг ямар хүйстэй байгаагаас шалтгаалан гаргасан хэвшмэл ойлголтууд, нийгэмд ердийн мэт болсон жендэрийн тэгш бус байдлыг статистик үзүүлэлтээр, хувь хүн, нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөллийн хүрээнд шалгалаа. Өрх гэрийн хөдөлмөрийн хуваарилалтыг эрэгтэй, эмэгтэй хүний зан байдал, бие махбод, хүйсээр тодорхойлж тогтоосон хэвшмэл хандлагыг бууруулахын тулд дотоод болон гаднын судалгаанд үндэслэн бодит баримт, хэм хэмжээг задлан хүргэж байна. 

Манай Улсын хүн амын амьдралын хэв маягийг тодорхойлох, түүнд гарч буй өөрчлөлтийг судлах, хөлстэй болон хөлсгүй хөдөлмөрт зарцуулж буй цагийг судлах зорилгоор ҮСХ-оос “Цаг ашиглалтын судалгаа”-г дөрвөн жил тутамд нэг удаа хийдэг. Хамгийн сүүлд энэхүү судалгааг 2019 онд 8 аймаг, нийслэлийн 9 дүүргийн нийт 4000 өрхийг хамруулан зохион байгуулжээ.  

Судалгаагаар монгол хүн өдөрт дунджаар 155 минут /2 цаг 35 мин/-ыг гэрийн ажилд зарцуулдаг бол хүүхэд асрахад өдөрт дор хаяж 45 минутыг зарцуулдаг гэсэн дүн гарчээ. 

  • 12 ба түүнээс дээш насны хүн амын ерөнхий цаг ашиглалтын байдлыг хүйс, минутаар авч үзэхэд эрэгтэйчүүд өдөрт 117 минутыг хөлсгүй хөдөлмөр эрхлэлтэд зарцуулдаг бол эмэгтэйчүүд дунджаар 281 минут /4 цаг, 41 мин/-ыг хөлсгүй хөдөлмөр эрхлэлтэд зарцуулж байгаа нь эрэгтэйчүүдээс даруй гурван цагаар илүү байна. Өөрөөр хэлбэл, эмэгтэйчүүд долоон хоногт дунджаар 28 цагийг гэрийн ажил, өрхийн гишүүнээ асрахад зарцуулж байна.  

Эмэгтэйчүүдийн хөлсгүй хөдөлмөр эрхлэлтэд зарцуулж байгаа хугацаа нь эрэгтэйчүүдээс даруй гурван цагаар илүү байна.

Нийгэм, эдийн засгийн нөлөө 

Азийн Хөгжлийн Банкаас 2020 онд Ажиллах хүчин дэх эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн оролцоог ижил түвшинд хүргэснээр Монгол Улсын урт хугацааны эдийн засгийн өсөлтийг дэмжих нь судалгааг хийжээ. Ажиллах хүчний оролцооны түвшин (АХОТ) гэдэг нь хөдөлмөрийн насны хүн амын хэдэн хувийг нь ажиллах хүчин эзэлж байгааг харуулдаг үзүүлэлт юм. Судалгаагаар манай улсад эрэгтэйчүүдийн АХОТ 68.3 хувь байхад эмэгтэйчүүдийнх 53.4 хувьтай гарсан байна. Түүнчлэн, гэр ахуйн хөлсгүй ажлыг ихэвчлэн эмэгтэйчүүд гүйцэтгэхийн зэрэгцээ цалин хөлсгүй өрхийн бизнест ажиллагсдын 75.9 хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа дүн гарчээ.  

Судалгаагаар манай улсад Ажиллах хүчний оролцооны түвшин:

  • эрэгтэйчүүдийн 68.3 хувь байхад
  • эмэгтэйчүүдийнх 53.4 хувьтай гарсан байна.

Эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцооны түвшин сүүлийн жилүүдэд тасралтгүй буурч байна.

Хөдөлмөр эрхлэлтийн байдал:

  • Эрэгтэйчүүд 61.5%
  • Эмэгтэйчүүд 48.5%

  • Азийн Хөгжлийн Банкны судалгаагаар өрх гэр болон ажлын байран дахь жендэрийн тэгш бус байдлыг арилгаснаар Монгол Улс эмэгтэйчүүдийн АХОТ-ийг 63.2 хувь хүртэл өсгөх боломжтой хэмээн тооцоолсон байна. Ингэснээр нэг хүнд ногдох жилийн өсөлтийн түвшинг 0.5 хувиар нэмэгдүүлж, 30 жилийн дотор ДНБ-ийг 16.1 хувиар өсгөх боломжтой гэсэн тооцоолол гарсан байна.  

Хүүхэд асрахыг эцэг, эхэд тэгш хуваарилсан Монгол Улсын бодлого, зохицуулалт 

Эх, эцэгт олгогдож буй хүүхэд асрах чөлөө, тэтгэмжийн харилцан ялгаатай байдал нь эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэх, орлого олох, өөрийгөө хөгжүүлэх боломжийг хязгаарладаг байна. 

Тухайлбал, Хөдөлмөрийн тухай хуулиар эхэд жирэмсний болон амаржсаны амралтыг 120 хоног, ихэр хүүхэдтэй бол 140 хоногоор өгдөг. Харин эцэгт шинээр төрсөн хүүхдээ асрахад нь зориулан ажлын 10-аас доошгүй өдрийн чөлөөг олгож, тухайн хугацааны дундажтай тэнцэх цалин хөлсийг олгодог байна. 

Манай улсад эх, эцэг, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт хуулийн дагуу тэтгэмж олгодог. Тодруулбал, хүүхэд тээж, төрүүлэх, төрүүлсний дараа хүүхдийг тодорхой насанд хүртэл нь асрахад төрөөс тэтгэмж олгодог.

  • жирэмсэн эхийн тэтгэмж;
  • 0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмж;
  • ихэр хүүхдийн тэтгэмж;
  • гурав болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцгийн тэтгэмж гэсэн дөрвөн төрлийн тэтгэмж хамаарах бөгөөд жирэмсэн эхийн тэтгэмжээс бусад тэтгэмжийг хүүхдээ өсгөж буй эх эсвэл эцэг авах эрхтэй байдаг.  

ЭХ, ЭЦЭГ, ОЛОН ХҮҮХЭДТЭЙ ӨРХ ТОЛГОЙЛСОН ЭХ, ЭЦЭГТ ТЭТГЭМЖ ОЛГОХ ТУХАЙ ХУУЛИАС…

  • Бидний шалгаж буй асуудлын хүрээнд авч үзвэл, шинэ хүүхэд төрсний дараа ээжүүд ихэвчлэн хүүхдээ асарч, гэртээ байдаг бол аавууд ажлаа хийж, гэр бүлээ тэжээдэг. Энэ тохиолдолд 0-3 хүртэлх насны хүүхдийн тэтгэмжийг ээж нь авах ба хэрэв ээж хүүхдээ гурван нас хүрэхээс өмнө ажилд орж, оронд нь аав хүүхдээ харах болбол тухайн тэтгэмж аавд олгогдох юм
  • Тодруулбал, Эх, эцэг, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийн 7.6-д “Энэ хуулийн 5.1.2-т заасан тэтгэмж авч байсан эх, эсхүл эцэг хүүхдээ гурван нас хүрэхээс өмнө ажилд орсон тохиолдолд тэтгэмжийг хүүхдээ асарч байгаа эх, эсхүл эцэгт олгоно” гэж зохицуулжээ.
  • Мөн Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21.14-т “Энэ хуулийн 7.4.5-д заасан эх, эсхүл эцгийн хүүхдээ асрах чөлөөтэй байгаа хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн үед мөрдөж байгаа сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс ажил олгогчийн төлөх шимтгэлийн хувь хэмжээгээр тооцож, ажил олгогч сар бүр нийгмийн даатгалын зохих санд төлнө” гэж заажээ.

Жендэрийн тэгш бус байдал 

Манай улсад хүүхдийг багаас нь хүйсээр ялгаварлан гэрийн ажил хуваарилах асуудал түгээмэл гардаг. Жишээ нь, охидоо багаас нь гэр цэвэрлэх, хоол хийхэд сургадаг бол хүүгээ гэрийн ажилд оролцуулахгүй өсгөх нь элбэг. 

Гэрийн ажилд хамгийн түгээмэл гурван хэлбэрийг хамруулж үздэг байна. Үүнд,

  • цалингүй асаргаа,
  • хүүхэд болон өндөр настны урт хугацааны асаргаа,
  • хөгжлийн бэрхшээлтэй болон бусад архаг өвчтэй хүмүүсийг асран халамжлах ажил мөн ордог.

Европын Холбооны дэргэдэх Жендэрийн тэгш байдлын Европын хүрээлэнгээс 2021 онд гаргасан “Жендэрийн тэгш байдлын үзүүлэлт”-ээс харвал, хүүхэдтэй эмэгтэйчүүдийн 91 хувь нь өдөрт дор хаяж нэг цагийг гэрийн ажилд зарцуулдаг бол хүүхэдтэй эрэгтэйчүүдийн 30 хувь нь ижил цагийг гэрийн ажилд зарцуулдаг гэжээ. Түүнчлэн, ажил эрхэлдэг эмэгтэйчүүд өдөр бүр 2.3 цагийг гэрийн ажилд зарцуулдаг бол эрчүүдэд энэ тоо 1.6 цаг гэж гарчээ.

Хүүхэдтэй хүмүүсийн гэрийн ажилд нэг цаг зарцуулдаг хувь.
Ажил эрхэлдэг хүмүүсийн гэрийн ажилд зарцуулдаг цаг.

  • Мөн судалгаанд, гэрийн ажил үүргийн хуваарилалтыг аль нэг хүйсийн үүрэг мэтээр бататгах нь нэг үеэс нөгөө үед, ялангуяа ааваас хөвгүүд рүү илүү дамждаг гэсэн байна. Хэдийгээр 18-24 насныхны дунд гэрийн ажил хийхэд хүйсийн ялгаа хамгийн бага ажиглагдсан ч залуу эрэгтэйчүүдийн 19% нь л өдөрт нэг цагийг хоол хийж, гэрийн ажилдаа зарцуулдаг бол залуу эмэгтэйчүүдийн 39% нь зарцуулдаг гэсэн байна.  

Хөдөлмөр эрхлэгч эмэгтэйчүүдийн нийгэм, эдийн засагт үзүүлэх эерэг нөлөө 

Монгол Улсад хийгдсэн “Эмэгтэйчүүдийн амьдралын чанар 2021” судалгааны хүрээнд нийслэлийн 3 дүүрэг, 10 аймгийн 1,110 эмэгтэйгээс тоон болон чанарын мэдээлэл цуглуулан, анализ хийжээ. Эмэгтэйчүүдийн “орлогын түвшин, эрүүл мэндийн байдал, гэр бүл, нийгэм, эдийн засгийн харилцаа” зэрэгтэй “ажил, хөдөлмөр эрхлэлтийн байдал” харилцан нөлөөлтэй гэдгийг доорх үзүүлэлтүүдээс харж болохоор байна. Тухайлбал,  

  • Эмэгтэйчүүд санхүүгийн хувьд бие дааж, амьжиргааны түвшин ахих тусмаа нийгмийн харилцаандаа сэтгэл хангалуун байх нь нэмэгддэг байна 
  • Эмэгтэйчүүдийн орлого, хуримтлалын түвшин бага байх тусам хүйсийн талаар хэвшмэл ойлголттой байх нь элбэг байна. Харин эсрэгээрээ орлогын түвшин, хуримтлалын хэмжээ өндөр байх тусам нийгмийн зүгээс хүйсийн ялгаварлал илүү мэдрэгддэг байна 
  • Эмэгтэйчүүд ажил амьдралын тэнцвэр сайтай байх тусмаа нийгмийн даатгалын системд шүүмжлэлтэй хандаж, ирээдүйн баталгаа болно гэж үздэггүй. Гэхдээ, хүүхэд төрүүлж, өсгөхтэй холбоотой тэтгэмжүүдийн үр шимийг өндрөөр үнэлдэг байна 
  • Ажил амьдралын тэнцвэрээ хангаж чаддаг эмэгтэйчүүд амьдрах орчин нөхцөлдөө илүү анхаарч, аюулгүй байдал, тав тухыг чухалчилдаг байна 
  • Ажил амьдралын тэнцвэртэй байж, нийгмийн зүгээс хүйсийн ялгаварлал мэдэрдэггүй байх тусмаа сэтгэл зүйн эрүүл мэнд сайн байдаг 

Эдгээр үзүүлэлтийг харвал, эмэгтэйчүүд хөлсгүй хөдөлмөр эрхлэлтээс ангид байж, гэрийн ажил, асаргаанд зарцуулах цагаа өрхийн бусад гишүүнтэйгээ ижил тэгш байлгаж чадвал хувь хүн болон нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөө нь илүү эерэг байх боломжтой байна. 

Эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцоог дэмжих нь 

Олон оронд хүүхэд асрах цогц үйлчилгээ, аавын цалинтай чөлөө авах эрхийг хуульчлах зэргээр эрэгтэй, эмэгтэй хүний хөдөлмөрийн тэгш хуваарилалт, тэгш байдлыг дэмжсэн олон төрлийн бодлогыг хэрэгжүүлдэг. Энэ талаар хийсэн судалгаануудаас жишээ болгон 2015 онд Олон Улсын Валютын Сангаас хийсэн “Азийн хөдөлмөр эрхлэлт дэх эмэгтэйчүүдийн оролцоог юу нэмэгдүүлж чадах вэ?” судалгааны дүнг авч үзлээ. Тус судалгааны хүрээнд: 

  • Япон, Бүгд Найрамдах Солонгос Улсыг Норвеги, Финланд улстай харьцуулан үзэхэд, 6-11 насны хүүхэд асрах үйлчилгээг улсаас санхүүжүүлснээр эмэгтэйчүүдийн тууштай хөдөлмөр эрхлэлтэд эерэг үр дүн гаргаж буйг онцолсон байна.  
  • Швед улсад хүүхдээ 12 нас хүртэл нь ажилтан жилд 120 өдрийн цалинтай чөлөө авч болох ба үүнийг тогтмол орлогынх  нь 80 хувьтай тэнцэхүйц байхаар тооцож олгодог байна.  
  • БНСУ-д эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор эмэгтэйчүүд давамгайлан ажилладаг тогтмол бус ажлын байрыг байнгын ажлын байр болгохыг дэмжсэн нэмэлт өөрчлөлтийг Хөдөлмөрийн тухай хуульдаа оруулжээ. Ингэснээр хагас цагийн ажил хийх боломж нэмэгдэж, ажил-ар гэрийн тэнцвэрт байдлыг хангахад нь түлхэц болж чадсан байна. Мөн өрхийг татварын дарамтаас хөнгөлөх зорилгоор өрхөд орлого олж байгаа хоёр дахь иргэнд татварын хөнгөлөлт үзүүлэх нөхцөлийг Татварын тухай хуулиар зохицуулсан байгаа юм.  

Дүгнэлт 

Дээрх статистик тоон үзүүлэлт, судалгаануудаас харахад олон улсад гэрийн ажил, асаргаа сувилгааг эмэгтэйчүүд ихэвчлэн хийж байна. Үүнд, үе дамжин тогтсон нийгмийн хэвшмэл хандлага, эмэгтэйчүүдийн төлөв байдал, эмэгтэй хүн хүүхэд тээж, төрүүлэх, өсгөх болоод бусад шалтгаанаар гэртээ урт хугацаанд байх зэрэг нь их бага, хэмжээгээр нөлөөлж байдаг.  

Өрх, гэрийн ажлын ялгаатай хуваарилалт нь эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, цаашлаад улс орны эдийн засагт ч сөргөөр нөлөөлж байдаг тул гэрийн ажил, үүргийг тэнцүү хуваарилснаар сөрөг үр дагавруудаас сэргийлэх боломжтой.

Түүнчлэн, өрх гэртээ ээж, аав ижилхэн үүрэг, хариуцлагатай, хөлсгүй хөдөлмөрийг хувааж хийдэг хэвшил тогтвол 30 жилийн дараа ДНБ 16.1 хувиар өсөх бодит тооцоолол байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document