2023 оны 02 дугаар сарын 07-нд Зангараг.мн нэртэй пэйжид “Youtube болон фэйсбүүкт 30 минутын өмнө Туркид цөмийн станц дэлбэрлээ гээд нэг ийм бичлэг орлоо” гэх гарчигтай, дэлбэрэлтийн зургийг нийтэлсэн нь 02 дугаар сарын 08-ны байдлаар 452 реакц, 90 сэтгэгдэл авч, 21 удаа цааш түгээсэн байна.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
1. Уг зураг өөр үйл явдлын зураг байна
Шалгаж буй мэдээлэлд ашигласан зургийг Google Reverse image search хэрэглүүр ашиглан шалгахад Reuters агентлагийн 2020 оны 08 дугаар сарын 05-ны мэдээний илэрц гарч ирлээ. Мэдээнд ашигласан зургийг тулгаж үзэхэд таарч байх бөгөөд тайлбар нь “Ливан улсын нийслэл Бейрут хотод болсон дэлбэрэлтийн доргилт 160 километрийн зайтай байрлах Киприйн газар дундын тэнгисийн аралд хүрчээ” гэсэн байна. Харамсалтай үйл явдал 08 дугаар сарын 04-нд болсон ба Бейрутын боомтод 6 жилийн турш хадгалсан 2,750 тонн аммонийн нитрат буюу тэсрэмтгий бодис дэлбэрчээ.

Human Rights Watch Олон улсын байгууллагын 2021 оны 08 дугаар сарын 03-ны мэдээгээр Бейрутын дэлбэрэлтээр 218 хүн амь үрэгдсэн гэсэн байна.
2. Турк улсад тохиосон байгалийн гамшгийн одоогийн нөхцөл байдал
The Guardian сэтгүүлийн 2023 оны 02 дугаар сарын 08-ны шуурхай мэдээнд “Газар хөдлөлтөөс үүдэлтэй нас баралтын тоо Сири улсад 2,470, Турк улсад 5,894 болсон байна. Одоогоор 380,000 хүнийг хорогдох байранд оруулсан ба уг тоо цаашид ч өсөх магадлалтай” гэж мэдээлжээ.
Турк, Сири улсуудыг хамарч их хэмжээний хохирол дагуулсан байгалийн гамшиг тохиосонд дэлхий нийтээрээ гашуудал илэрхийлж, санаа зовниж буй энэ цаг үед цахим хэрэглэгч та бүхэн баталгаагүй мэдээлэлд итгэж, нийгмийн айдас, бухимдлыг нэмэгдүүлэхгүй байхад анхаараарай.