Ариутгалын бодис жорлонгийн усанд хийх нь суултуурын тагийг хаахаас илүү үр дүнтэй

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #939

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Жорлонгийн ус татахад өвчин үүсгэгч эмгэг төрүүлэгч, бичил биет агуулсан шээс болон өтгөний жижиг хэсгүүд, нүдэнд үл үзэгдэх мананцар хэлбэрээр агаарт тархдаг” гээд “Суултуурын тагийг хааж сэргийлж болно” гэх мэдээлэл түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Судалгаагаар жорлонгийн ус татахдаа суултуурын тагийг хаах нь элдэв нян, бактери тархах эрсдэлийг багасгадаггүй бөгөөд харин ариутгалын бодис хийх нь илүү үр дүнтэй гэж гарчээ

 

 

2024 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдөр Сондра нүдний эмнэлэг гэх нэртэй фейсбүүк хуудаснаас “Эрдэмтэд олон арван жилийн турш жорлонгийн усыг татах үед өвчин үүсгэгч эмгэг төрүүлэгч, бичил биет агуулсан шээс болон өтгөний жижиг хэсгүүд, нүдэнд үл үзэгдэх мананцар хэлбэрээр агаарт тархдаг гэдгийг мэддэг байсан. Колорадогийн Их Сургуулийн эрдэмтэд лазер туяа ашиглан энэхүү нүдэнд үл үзэгдэх шингэн мананцрын бөөмсийн хурд, замыг хэмжиж харуулсан.” гэх гарчигтай бичлэг түгээжээ.

Уг бичлэгт үүнээс сэргийлэхийн тулд суултуурын тагийг хаах эсвэл маск зүүж байх гэх 2 аргыг зөвлөжээ.

Энэ бичлэг нь 5300 гаруй реакц, 288 сэтгэгдэл, 1 сая 300 гаруй мянган үзэлт авч, 9 мянга гаруй удаа цааш түгээгджээ.

2022 онд Колорадо их сургуулийн профессор John P. Crimaldi-аар ахлуулсан Aaron C. True, Karl G. Linden, Mark T. Hernandez, Lars T. Larson, Anna K. Pauls нарын судлаачид жорлонгийн ус татахад яг юу агаарт дэгдэж, ойр орчинд тархдагийг лазерын гэрэл ашиглан судалжээ.

Уг судалгааны удирдагч John Crimaldi “Нүдэнд харагдахгүй зүйлийг бид огт байхгүй мэт төсөөлдөг. Гэхдээ энэхүү бичлэгийг үзсэний дараа жорлонгийн ус татах талаарх таны бодол өөрчлөгдөх болно. Суултууртай жорлонгийн гол зорилго нь бохирыг зайлуулах байтал эсрэгээрээ болчхоод байна. Жорлонгийн ус татсаны дараа ямар үйл явц болдгийг ингэж зураг, бичлэгээр харуулснаар нийгмийн эрүүл мэндэд чухал мессеж болно гэдэгт итгэлтэй байна” хэмээжээ.

Хэдийгээр судлаачид жорлонгийн ус доош татагдаж, дээшээ маш жижиг, нүдэнд харагдахгүй хэсгүүд агаарт дэгддэг гэдгийг мэдэж байсан ч, одоог хүртэл яаж харагдаж, хэрхэн тархдагийг гадарлах төдий л байжээ. Харин энэ судалгааны тусламжтайгаар тэрхүү нүдэнд үл харагдах хэсгүүдийн туулах зам, хурд зэргийг олох боломжтой болсон. Ингэснээр жорлонгийн суултуур болон ус таталтын загвар, агааржуулалт, халдваргүйжүүлэлт тал дээр сайжруулах боломж бүрджээ.

2024 оны нэгдүгээр сард нийтлэгдсэн “Жорлонгийн суултуурын тагийг хааж байгаад усаа татах нь гадаргууд тархах бохирын хэмжээнд нөлөөлөх нь” гэх судалгааны үр дүн нь “Ус татахдаа суултуурын тагийг хаах нь гадаргууг бохирдуулах болон элдэв нян, бактери тархах эрсдэлийг багасгадаггүй. Харин ариутгалын бодис жорлонгийн усанд хийх нь эдгээр эрсдэлийг багасгадаг” хэмээн гарчээ.

Иймд жорлонгийн ус руу ариутгалын бодис хийж хэвшээрэй.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document