2024 оны дөрөвдүгээр сарын 28-нд Энхтөрийн Галбадрал нэртэй Фейсбүүк хэрэглэгч “Японд хийгдсэн судалгаагаар хальс нь харлаж эхэлсэн гадил хавдрын эсийг үхжүүлдэг TNF бодис агуулдаг. Хальс нь хэр их хэмжээгээр харласан байна, төдий хэмжээгээр дархлааны системийг сайжруулдаг” гэх агуулгатай, “Мэдмээр юм байна, мэддэггүй нэгэнд хэлмээр юм байна” гэх гарчигтай пост түгээжээ. Тус пост нь нийт 50 реакц, 7 сэтгэгдэл авч, 210 удаа цааш түгээгджээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Бидний шалгасан энэ мэдээлэл өмнө нь Англи болон Тайланд хэл дээр утга агуулга нь адилхнаар 2014 оноос хойш түгээгдэж байсныг Францын олон улсын мэдээллийн агентлаг AFP 2022 онд баримтаар шалгажээ.
TNF гэж юу вэ?
TNF нь “Tumor Necrosis Factor” гэсэн үгийн товчлол бөгөөд Хавдрын үндэсний институтийн вэбсайт дээр тайлбарлсанаар бол “Антиген болон халдварын эсрэг хариу үйлдэл хийдэг, цусны цагаан эсээс үүсдэг уураг юм. Хүний дархлааны хариу урвалыг нэмэгдүүлэх мөн хавдрын зарим эсийг үхжүүлэх боломжтой” гэжээ.
Японд хийсэн гэх судалгааны үр дүн юу гэж гарсан бэ?
2009 онд Японы Хүнсний шинжлэх ухаан, технологийн судалгааны сэтгүүлд нийтлэгдсэн энэ судалгаа нь TNF үүсэх боломжтой гадил жимсний шүүсийг хулганад хийж, дархлааны хариу урвалыг нь ажигласан байна. Ингэхэд гадил нь илүү боловсорсон байх тусам дархлааны хариу урвал нь илүү өндөр байна гэсэн үр дүн гарчээ. Гэвч энэхүү судалгаанд дараах зүйлс огт дурдагдаагүй байна.
хүн дээр адилхан үр дүнтэй байдаггадил нь хавдар болон томуу өвчнөөс урьдчилан сэргийлдэггадил TNF агуулдаг
Тайландын Чулалогорн Их сургуулийн биологийн доктор Жессада Дендуангборипант “TNF нь хөхтөн амьтны дархлааны системээс олддог бодис юм. Гадил болон бусад ургамалд байх боломжгүй” хэмээжээ.
Дүгнээд хэлбэл, ийм төрлийн орчуулан түгээсэн мэдээллүүд нь ихэнхдээ төөрөгдүүлэх, хандалт авах зорилготой байдаг тул өөр эх сурвалжаар давхар баталгаажуулж байхыг зөвлөе.