Нүдний болор цайх өвчинг гэрийн аргаар эмчлэх боломжгүй

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 951

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Бөөрөлзгөнийн навч, сарнайн дэлбээ буцалгасан усаар нүдээ угаах нь болор цайх өвчнийг эдгээнэ гэх агуулга бүхий мэдээллийг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Нүдний болор цайх эмгэгийг гэрийн нөхцөлд эмчлэх боломжгүй.

2024 оны гуравдугаар сарын 26-нд Түмний мэдээ хуудаснаас “Болор цайх өвчнийг эмчилж хараагаа 3-хан сарын дотор сайжруулах байгалийн жор! ” гэх тайлбартайгаар ulaanbaater.me сайтын холбоосыг нийтэлжээ. Тус пост нь дөрөвдүгээр сарын 25-ны байдлаар нийт 209 реакц авч, 654 удаа цааш түгээгджээ.  Постод хавсаргасан сайтад “4 аяга ус, 4 цайны халбага бөөрөлзгөнийн навч болон сарнайн дэлбээг буцалгаж хөргөөнө. Шүүж авсан усаараа нүдээ угаах нь харааг сайжруулж, эрүүл мэндэд сайнаар нөлөөлнө. Мөн нэрс их идээрэй” гэх агуулга бүхий мэдээллийг оруулжээ.

Нүдний болор цайх эмгэг (cataract) нь гэрлийн цацрагийг төвлөрүүлэхэд тусалдаг тунгалаг линз буюу болор нь тунгалаг чанараа алдаж бүүдэгшин, хараа фокусгүй, сарнисан байдлаар харах үзэгдэл юм. Болор цайх эмгэг нь эхэн шатандаа мэдэгдэхгүй байх магадлалтай ч удаан хугацаанд болор цайх эмгэг нь хараагаа алдахад ч нөлөөлдөг. Насжилттай холбоотой болор цайх эмгэгийн тохиолдолд илүү элбэг байдаг аж. Нас ахих тусам болрын уургууд задарч, бөөгнөрөх үед үүлэрхэг толбо үүсдэг бөгөөд энэ нь хараанд нөлөөлдөг байна.

Нүдний болор цайх эмгэг нь таны нүдний болрын хаана, хэрхэн үүссэнээс шалтгаалан насжилттай холбоотой, төрөлхийн, осол гэмтлийн үеийн, хоёрдогч (бусад төрлийн өвчин, эмгэгийн нөлөөгөөр), болрын гадаргуугийн цайралт, цөмийн цайралт, бүрхүүлийн арын цайралт зэрэг төрлүүдтэй.

 АНУ-ын үндэсний нүдний хүрээлэнгийн албан ёсны сайтад нүдний болор цайх эмгэгийн эхэн шатанд гэрийн нөхцөлд хийх боломжтой зүйлсийг дурджээ. Үүнд гэр, ажилдаа тод гэрэлтэй байх, гялбааны эсрэг нарны шил зүүх, юм унших аль эсвэл бусад үйл ажиллагаанд томруулдаг шилийг ашиглах хэмээн дурджээ. Эдгээр аргыг ашигласнаар эмгэгийн эхэн үе шатанд бага зэрэг өөрчлөлт хийж болох юм. Мөн эхэн үе шатанд хараанд таарсан шил, контакт линзийг эмчийн зөвлөгөөний дагуу зүүх нь болор цайралтыг хүндрүүлэхгүй тогтоон барих боломжтой байна.

Харин эмгэг хүндэрсэн тохиолдолд заавал хагалгаанд орох шаардлагатай юм. Техас мужийн нүдний төвийн сайтад нүдний болор цайрах өвчнийг эмчлэх гэрийн арга гэж байхгүйг онцолж нүдний болор цайралтыг арилгах өөр аргуудыг худал гэдгийг бичжээ. Мөн АНУ-ын үндэсний нүдний хүрээлэн, Жон Хопкинс анагаах ухааны их сургуулийн төв, Кливланд клиник, Их Британийн үндэсний эрүүл мэндийн алба  зэрэг байгууллагын албан ёсны сайтад нүдний болор цайх эмгэгийг мэс заслын аргаар эмчлэх нь үр дүнтэй  хэмээн дурджээ.

Иймд сарнайн хандаар нүдээ угаагаад болор цайх өвчнийг бүрэн эмчлэх боломжгүй юм.

 Нүдний болор цайх эмгэгийн шинж тэмдгүүд нь:

  • Бүрэлзсэн, бүдэг харах
  • Бүүдийж, бүрсийж харагдах
  • Гэрэлд мэдрэмтгий болох, хэт тод, хурц харагдах
  • Гэрлийн тойрсон цагариг хүрээ харагдах,
  • Шөнө юм харахгүй байх
  • Давхар харах,
  • Өнгө бүдгэрч харагдах
  • Нүдний шил эсвэл контакт линзний харааны хэмжээг байнга солих хэрэгтэй болох (хараа муудах)- ойрын хараа муудах зэрэг орно.

2010 онд “Unani нүдний дуслын бэлдмэлийн үрэвслийн эсрэг нөлөө болон антигимтамины” судалгаанд сарнайн усыг нүдний салст бүрхэвчийн үрэвслийн үед хэрэглэдэг бөгөөд өвдөлт намдаах, ариутгах шинж чанартай тул нүдний өвчнийг эмчлэхэд тусалдаг хэмээн бичжээ. Мөн 2011 онд хийгдсэн “Роза Дамасценагийн фармакологийн нөлөө” тоймд сарнайн ус ба өөр олон төрлийн эмийн ургамал орсон Opthacare нүдний дусаалгыг нүдний төрөл бүрийн халдварт, үрэвсэл, дегенератив өвчинд тустай болохыг харуулсан хэмээн дурдсан байна.

Бөөрөлзгөнийн навчны хандыг нүдний үрэвслийн эсрэг нүдийг угааж ашиглаж ирсэн түүхтэй ч одоогоор нүдний өвчинд тустай гэх нарийвчилсан судалгаа байхгүй. Хэдий эдгээр ургамал нь үрэвслийн эсрэг үйлчилгээтэй, сарнайн ус нь өвдөлт намдаах, ариутгах үйлчилгээтэй ч шалгаж буй мэдээлэлд дурдсан шиг хоёр ургамлыг хандлан болор цайх өвчинд хэрэглэж эдгээсэн батлагдсан судалгаа, эх сурвалж байхгүй. Мөн батлагдаагүй аргыг шууд хэрэглэх нь таны өвчнийг сэдрээхээс гадна, харшлын реакц үүсгэх магадлалтай тул гэрийн аргаар өвчнийг хурдан эдгээнэ гэсэн мэдээлэлд шууд итгэлгүй, эмчид үзүүлж зөвлөгөө авах нь зүйтэй юм.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document