“Банкууд иргэдээс авсан 1%-ийн шимтгэлээ иргэдийн дансанд буцаан шилжүүлэхээр боллоо” гэх мэдээлэл төөрөгдүүлсэн

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #697

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Банкууд иргэдээс авсан 1 хувийн шимтгэлийг хууль бус гэж 3 шатны шүүх үзлээ. Иймд энэхүү төлбөрийг иргэдийн дансанд буцаан шилжүүлэхээр боллоо гэх мэдээлэл түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Давж заалдах шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох нь иргэдийн данс руу ипотекийн зээлийн 1 хувийн шимтгэлийг буцаан шилжүүлнэ гэсэн үг биш.

2023 оны 09 дүгээр сарын 11-нд Enkhjargalan Jadamba нэртэй хаягаас “Банкууд иргэдээс авсан 1 хувийн шимтгэлийг хууль бус гэж 3 шатны шүүх үзлээ. Иймд энэхүү төлбөрийг иргэдийн дансанд буцаан шилжүүлэхээр боллоо гэнээ. Сайхан мэдээ байна” гэсэн пост оруулсан нь 2.8 мянган реакц, 164 сэтгэгэл авч, 143 удаа цааш түгээсэн байна. 

Уг  мэдээллийн бодит байдлыг хуулийн Фиделитас Партнерс ХХН-ээс тодрууллаа.

Гурван шатны шүүх хууль бус гэж үзээгүй

Анхан шатны шүүхээс ШӨХТГ-ын шийтгэлийн хуудсыг хууль бус гэж үзсэн, харин Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгоод “ШӨХТГ-ын шийтгэл, зөрчлийн үр дагаврыг арилгуулах даалгавар нь үндэслэлтэй” гэж үзсэн. Дээд шүүх асуудлыг шийдээгүй, хэлэлцэхээс татгалзсан байна.

Маргаан өрнөсөн тухайд: 

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас 2022 онд арилжааны банкуудаас аж ахуй нэгж, иргэдэд олгож буй зээлийн шимтгэлийн хураамж нь Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн. 

Хяналт шалгалтаар арилжааны банкууд иргэдэд Засгийн газраас хөнгөлөлттэй олгож буй орон сууцны ипотекийн зээл олголтын шимтгэлийг ижил хэмжээгээр тогтоож өрсөлдөөнийг хязгаарласан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасны дагуу Монгол банкны тусгай зөвшөөрөлтэйгээр эрхлэх банкны үйл ажиллагаа явуулж буй 11 арилжааны банкинд холбогдуулан Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.7 дахь заалтад зааснаар зөрчлийн хэрэг нээн шалгаж, хэрэглэгчийг хохироох хууль бус худалдааны аргыг хэрэглэсэн нь тогтоогдсон тул “Ариг банк” ХХК, “Хаан банк” ХХК, “Худалдаа хөгжлийн банк” ХХК, “Тээвэр хөгжлийн банк” ХХК, “Хас банк” ХХК, “Богд банк” ХК, “Голомт банк” ХХК, “Капитрон банк” ХК, “Төрийн банк” ХХК тус бүрийг 20 сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, зөрчлийн үр дагаварыг арилгах хугацаатай албан даалгавар хүргүүлсэн. 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр улсын байцаагчийн шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудас болон үр дагавар арилгах албан даалгаврыг хүчингүй болгож шийдвэрлэсэн бол 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, ипотекийн зээл олголтын шимтгэлийг 1 хувь гэж тогтоосон нь үндэслэлгүй, хууль бус хэмээн шийдвэрлэсэн. 

Уг маргааныг Хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсан байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйл, “Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох” хэсэгт “гомдол гаргасан боловч гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хээлцүүлэхээс татгалзах тогтоол гарсан бол Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болно” гэж заасан.

Тиймээс өмнөх шийдвэр буюу Давж заалдах шатны шүүхийн магадлал хүчин төгөлдөр гэсэн үг. 

Давж заалдах шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох нь иргэдийн данс руу ипотекийн зээлийн 1 хувийн шимтгэлийг буцаан шилжүүлнэ гэсэн үг биш.

Энэ бол ШӨХТГ-ын байцаагчийн банканд оногдуулсан 20 сая төгрөгийн шийтгэлийн хуудас, түүнийг үндэслэж гарсан зөрчлийг арилгуулах тухай даалгаварт холбогдох маргаан байсан. 

Захиргааны шүүх ШӨХТГ-ын банканд шийтгэл оногдуулж, даалгавар бичсэн нь үндэслэлтэй юу гэдгийг л шийдэж байгаагаас авсан шимтгэлийг иргэдийн дансанд буцаан шилжүүл гэж шийдээгүй. 

Мөн ШӨХТГ маргахдаа ипотекийн зээлд шимтгэл авсан нь хууль бус гэж маргаагүй, бүх зээлд 1% аваад байгаа нь хэрэглэгчийн эрхийг хохироосон гэж маргасан.

Хэрэв буцаан шилжүүлэх ёстой гэж байгаа бол тэрхүү 1% шимтгэлээс тухайн зээл авсан иргэнд хэдийг нь буцааж шилжүүлэх вэ гэдгийг ШӨХТГ бодно гэсэн үг. Шүүхийн шийдвэрт тийм зүйл байгаагүй тул дансанд буцаан шилжүүлнэ гэдэг нь ташаа мэдээлэл юм.
Харин ШӨХТГ-ын дарга асан С.Мөнхчулууны хийсэн мэдээлэлд “…Захиргааны хэргийн шүүх ШӨХТГ-ын зөв гээд шийдчихлээ тэгэхээр банкууд чирэгдэл болгоод хүн болгоноор нэхэмжлэл гаргуулаад байлгүй шимтгэлийг нь шилжүүлчихвэл яасан юм бэ” гэдэг саналыг гаргасан. Үйл явц цааш үргэлжилнэ.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document