Тавхан минутад хамрын хөндийн үрэвслээс салах боломжгүй 

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 955

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“5-хан минутад хамрын хөндийн үрэвслээс салах арга!” гарчигтай мэдээлэл түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Баталгаат зөвлөгөө, мэдээллийн хүрээнд шалгахад хамрын хөндийн үрэвслийг гэрийн нөхцөлд эмчлэхэд тодорхой хугацаа шаардлагатай бөгөөд шинж тэмдгүүд шууд бус бага багаар намддаг. Шалгаж буй мэдээлэлд дурдсан шиг тавхан минутад энэ төрлийн үрэвслийг шууд намдаах арга байхгүй.

Ulaanbaatar.me вебсайтад 2024 оны 03 дугаар сарын 27-нд оруулсан “5-хан минутад хамрын хөндийн үрэвслээс салах арга!” гарчигтай мэдээллийг “Zugaatai zaluus” хаягтай фэйсбүүк хуудсаар түгээжээ.  

  1. Агуулгыг шалгах  

Шалгаж буй мэдээлэлд “Хоолой өвдөж хамар битүүрнэ – энэ бол ханиад томууны анхны шинж тэмдгүүд. Дахисан ханиад томуу гайморитэд хүргэх аюултай. Энэ асуудалтай тулгарсан хүмүүс ямар арга хэмжээ авах ёстой вэ? Хариулт маш энгийн – яаралтай иллэг хийж эмчилгээний тусгай цай ууна. Гайморитээс салахыг хүсэж байгаа хүмүүс эдгээр 5 цэгийг сайтар санаж авах хэрэгтэй. Өдөрт 3-аас багагүй удаа 5 минутын иллэг хийж заншина” гэх тайлбарыг тодорхой цэгүүдэд иллэг хийх зааврын хамт оруулжээ.  

Тодруулбал, “1 дүгээр цэг Долоовор хурууныхаа дунд хэсэгт байрлах цэг дээр дарж иллэг хийнэ. 2 дугаар цэг Хурууны өндгөөр дарах байдлаар иллэг хийнэ. 3 дугаар цэг Хамрын үзүүр дээр бага зэрэг дарж иллэг хийнэ. 4 дүгээр цэг Зовхины гадна талын хоёр цэгт мөн адил зөөлөн дарж иллэг хийхээ мартаж болохгүй. 5 дугаар цэг Төгсгөлийн шат – хөмсөгний дунд хэсэгт иллэг хийж дуусгана. Иллэг хийж байх үеэр шингэн ихээр хэрэглэх ёстой. Гайморитын үед тусгай бэлтгэсэн ургамлын цай тус болно. Орц: Сөд өвсний үндэс сургар (багульник) – 1ц.х Дал модны цэцэг болон навч – 2 ц.х Посконник 1 ц.х Нэг зүсэм нимбэг 0.5 л ус бэлдэх арга: 1. Ургамлуудаа буцалгаад 50 минут буцалгаж орхино. 2. Цайгаа хандалж дууссаны дараа нимбэгээ хийнэ. Өдөрт 5-аас багагүй удаа халуун бүлээн цайгаа уугаад иллэгээ хийгээрэй. Нэг өдрийн дараа гэхэд таны таагүй шинж тэмдэг эрс багасах болно. Өвчний шинж тэмдэг бүрэн арилтал уг эмчилгээг хийсээр байх болно. Энэхүү үр дүнтэй эмчилгээний аргыг найз нөхөдтэйгөө заавал хуваалцаарай”. гэжээ. 

  • Дээр дурдагдсан агуулга буюу нүүрний тодорхой цэгүүдэд иллэг хийж, дурдсан орцуудаар цай бэлтгэж ууснаар хамрын хөндийн үрэвсэл, гайморит эмчлэгдэх нь үнэн эсэхийг анагаах ухааны найдвартай эх сурвалжийн мэдээллүүдээр шалгав.  

Хамрын дайвар хөндийн үрэвсэл гэж юу вэ? 

Хүний хамарт 4 хос, 8 дайвар хөндий байх ба эдгээр хөндийгөөр агаар дамждаг. Харин энд агааргүй болбол хөндий доторх шүүрлүүд хуримтлагдан өтгөрч улмаар хамрын дайвар хөндийн үрэвсэл үүсдэг аж. Хамрын дайвар хөндийн үрэвсэл нь гэнэтийн байдлаар үүсэх ба хэрэв олон удаа, урт хугацаанд үргэлжилбэл архаг үрэвсэл болдог тухай эрүүл мэндийн мэдээ, мэдээллийн нэгдсэн вебсайт eDoctor-т нийтэлжээ

Түүнчлэн, хамрын хөндийн чийглэг орчинд буюу салстад нян, бактер, мөөгөнцөр үүссэнээр үрэвсэл үүсдэг. Хурц хэлбэрийн үрэвсэл нь ихэвчлэн ханиад, томуунаас үүсэхээс гадна дараах эрсдэлт хүчин зүйлс нөлөөлж болдог. Тодруулбал,   

  • Хамрын таславч муруй, тэгш бус байх 
  • Хамрын хөндийд яс ургах 
  • Хамрын ургацаг 
  • Хамрын харшил 
  • Хөгцтэй орчинд удаан байх 
  • Дархлаа сулрах 
  • Тамхи 
  • Кистозон фиброз / уушгины салст өтгөрч бөглөрөхөд хүргэдэг эмгэг / 
  • Шүдний өвчин  

Хамрын хөндийн үрэвслийн үед дараах шинж тэмдгүүдээр илэрдэг. Тодруулбал,  

  • Хамраараа амьсгалахад хүндрэлтэй болох 
  • Нүүр, нүдний эргэн тойрон хавдах 
  • Хамар битүүрэх 
  • Чих өвдөх 
  • Толгой өвдөх 
  • Эрүүний урд хэсгээр өвдөх, шүд янгинах 
  • Үнэрлэх, амтлах мэдрэмж муудах 
  • Амьсгал эвгүй үнэртэй болох  
  • Заримдаа эвгүй амттай зүйл залгигдах 
  • Ядрах 
  • Халуурах 

Хэрэв нүүрний эргэн тойронд хавдаж өвдвөл хурц хэлбэрийн үрэвслийн үндсэн шинж тэмдэг болдог аж.  

Хамрын хөндийн үрэвслийг гэрийн нөхцөлд эмчлэх тухай 

АНУ-ын Харшил, астма, дархлал судлалын коллежийн мэдээллээр хамрын хөндийн хөнгөн үрэвслийг гэрийн нөхцөлд эдгээх боломжтой гэжээ. Ялангуяа вирусийн гаралтай үрэвслийг ихэвчлэн 14 хоногийн дотор эмчлэх боломжтойг дурдсан байна. Харин үрэвслийн шинж тэмдэг 7-10 ба түүнээс олон хоног үргэлжилбэл антибиотик эмчилгээ хийхийг зөвлөдөг аж.  

Хүмүүс гэрийн нөхцөлд дараах эмчилгээний дагуу хамрын хөндийн үрэвслээс ангижрах боломжтой тухай анагаах ухааны мэдээ мэдээллийн Мedical news today цахим сайтын холбогдох нийтлэлд онцолжээ.  

  • Үрэвслийн эсрэг, өвчин намдаах эм хэрэглэх 

Аспирин, парацетамол, ибупрофен зэрэг эм нь тогтмол өвдөлт намдаах, халуун бууруулах, толгойн өвдөлтийг намдаахад тусалдаг.  

  • Үрэвслийн эсрэг хамрын цацлага хэрэглэх 

Деконгестант ( хамрын хөндийг намдаах үйлчилгээтэй эмийн нэг төрөл) агуулсан хамрын цацлагыг 3–4 хоног хэтрүүлэхгүй хэрэглэж болно. Харин арьсны харшил, эмгэгийн эсрэг даавар агуулсан цацлага болон давсны уусмалыг илүү олон хоног хэрэглэж болдог. Гэвч хамрын цацлагыг хэтрүүлэн хэрэглэх нь үрэвслийг эргэн сэдрээх, хамрын хөндийг хөлөргөх, битүүрүүлэх зэрэг сөрөг үр дагавартай тул бүтээгдэхүүний зааврыг дагах нь чухал юм. 

  • Хамраа цэвэрлэх / угаах 

Хамраа цэвэрлэх нь хамрын хөндийн үрэвсэлд хэрхэн нөлөөлж буйг судлах зорилгоор 2016 онд хийсэн судалгаагаар хамраа угааж цэвэрлэснээр үрэвслийн шинж тэмдгүүд болон толгойн өвдөлт багасаж, өвчин намдаах эм хэрэглэх нь буурсан дүн гарчээ. Хамраа угаахдаа зориулалтын угаагч сав ашиглаж болох ба буцалсан эсвэл цэвэршүүлсэн бүлээн усаар хүчтэй сорохгүйгээр цэвэрлэх хэрэгтэйг мөн зөвлөжээ. 

  • Хоолойгоо утах 

Хамрын хөндийн үрэвслийн шинж тэмдгийг намдаахын тулд хоолойгоо утаж болно. 10-15 минутын турш хоолойгоо утах зуураа хамраараа гүнзгий амьсгалах хэрэгтэй бөгөөд энэ байдлаар өдөрт 3-4 удаа утаж болно гэжээ. 

  • Шингэн зүйл уух 

Шингэн юм сайн уух нь хамрын үрэвслийн үед бие махбодийг шингэнээ алдахгүй байхад тусалдаг байна. Ингэхдээ цэвэр ус, зөгийн бал, цагаан гаа, нимбэгтэй халуун ус болон ургамлын цай, шөл зэргийг уух ба ундаа, кофеноос татгалзах хэрэгтэй.  

Гэрийн нөхцөлд дээрх аргуудын тусламжтайгаар хамрын хөндийн үрэвслийг намдааж болдгийг эрүүл мэндийн баталгаат мэдээлэл хүргэдэг эх сурвалжуудад ийнхүү нийтэлжээ. Харин АНУ-ын Халдварт өвчин судлалын төвийн мэдээлснээр үрэвслийн шинж тэмдгүүд дараах байдлаар илэрвэл эмчид хандах шаардлагатай гэсэн байна. Тухайлбал,  

  • Үрэвсэл 10-аас илүү олон хоног болох 
  • Хэсэг хугацаанд сайжирсны дараа шинж тэмдгүүд буцаад сэдрэх 
  • Жилд хэд хэдэн удаа хамрын хөндий үрэвсэх 
  • Нүүрний хэсгүүд өвдөх гэх мэтээр шинж тэмдэг хүндрэх 
  • 3 ба түүнээс дээш хоног халуурах 

Дүгнэлт  

Дээрх баталгаат зөвлөгөө, мэдээллүүдэд бидний шалгаж буй мэдээлэлд дурдсан шиг нүүрэнд иллэг хийх болон тодорхой орцоор цай бэлтгэн уух маягаар үрэвслийг намдаах арга, зөвлөгөө байхгүй учир тухайн аргуудыг эерэг эсвэл сөрөг  нөлөөтэй эсэхийг хэлж, тодорхойлох боломжгүй юм. Үүнээс гадна хамрын хөндийн үрэвслийг гэрийн нөхцөлд эмчлэхэд тодорхой хугацаа шаардлагатай бөгөөд шинж тэмдгүүд шууд бус бага багаар намддаг. Иймд, шалгаж буй мэдээлэлд байгаа шиг тавхан минутад энэ төрлийн үрэвслийг шууд намдаах арга байхгүй.  Дүгнэж хэлэхэд хамрын хөндийн үрэвсэл хүндэрч буй мэт шинж тэмдэг илэрсэн тохиолдолд мэргэжлийн эмчид хандаж, жорын дагуу эмчилгээ хийлгэх нь чухал гэдгийг анхааруулж байна.   


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document