2024 оны 3 дугаар сарын 4-нд Мэдээний хачир нэртэй фейсбүүк пэйжид “Сахрын өвчтэй элэг солиулан суулгах хагалгааны заалттай шаналж явсан хурандаа Нямсүрэн Туркийн НОГООН НААЛТ наагаад сахрын заалт нь 6,6 зааж эрүүлжсэн талаараа бодит үр дүнгээ ийн ярьжээ.” гэх бичлэг түгээсэн нь 690 реакц, 190 гаруй сэтгэгдэл авч, 122 мянга гаруй үзэлттэй байна.

Бичлэг дээр ногоон наалтын үр дүнг ийн ярьжээ. “Элэгний хатуурал 3-р үедээ орсон, элэг солиулах бүх шинжилгээ маш муу гарсан. Цөсөнд цагаан будааны хэмжээтэй 3 чулуу байсан. Сахрын хэмжээ 22-28 заадаг байсан. Харин ногоон, декамин, омега наалтуудыг нааснаас хойш хоолны дэглэм барихаа больсон. 2023 оны 1 сард шинжилгээ өгөхөд элэгний шинжилгээ цэвэр, маш сайн гарсан. Сүүлд 2 удаа эход харуулахад цөсний чулуу байхгүй болсон. Өнөөдөр сахраа хэмжихэд 6.6 зааж байна. Цөсний чулуу хайлах процессыг ногоон наалт өндөр хэмжээгээр өгнө. Ногоон наалтын арын шар цаасыг усанд хандалж уух хэрэгтэй учир нь дотор эрхтнийг эрүүлжүүлж, бөөр, цөсний элс, чулуунд өндөр нөлөө үзүүлдэг.” гэсэн байна.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Ногоон наалт буюу “Painless night GLU” наалт
Ногоон наалт буюу “Painless night GLU” гэх наалтын Турк хэл дээрх зааврыг орчуулбал “Арьсаа сайтар цэвэрлэсний дараа хэрэглэнэ үү. Бохир, нойтон, үсэрхэг арьс байж болохгүй. Манай бүтээгдэхүүн нь эм биш юм. Найрлагад нь ямар нэг химийн бодис байхгүй бөгөөд цэвэр байгалийн ургамлаас гаргаж авсан. Тиймээс булчин суллах, тайвшруулах нөлөөг 48 цагийн турш үзүүлдэг. Анхааруулга: Зарим ховор тохиолдолд эмзэг арьсанд загатнах эсвэл улайх үр дүн гарч болзошгүй тул эмчээс зөвлөгөө авна уу” хэмээжээ.

Зааврын нөгөө талд “Зөвхөн биеийн гадна талд хэрэглэнэ. Эмзэг эсвэл шархалсан арьсанд хэрэглэж болохгүй. Жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүд эмчтэй зөвлөж хэрэглэнэ үү. Нярай, бага насны хүүхдүүдэд зориулагдаагүй” гэсэн ба “12-оос дээш насны хүмүүс наалтаа 24-48 цаг тутамд сольж хэрэглэнэ. Хуурай, цэвэрлэсэн арьсанд наалтаа задлаад, хуулгыг нь авч шууд наана. Дараа нь савантай усаар гараа угаана уу” гэжээ.

- Энэхүү наалтыг хэрэглэснээр элэг, цөс, сахарын хүндрэлийг эмчилнэ гэх заалт уг бүтээгдэхүүний зааварт байхгүйг анхаарна уу.

Витамины наалт “Dekamin” нь D3, K2, C витамин болон магнигаар баялаг
“Omevia” наалт нь хүний бие өөрөө бий болгож чаддаггүй, заавал гаднаас авах шаардлагатай өөх тосны хүчлийг (omega 3) өгдөг тустай

Бичлэгт дурдсан 3 наалтын заавар, танилцуулга дээр сахрын хэмжээ бууруулах, цөс, бөөрний чулуу арилгах, элэг цэвэршүүлэх мөн ногоон наалтын арын шар цаасыг хандалж уух талаар огт дурдаагүй байна. Иймд аливаа бүтээгдэхүүн хэрэглэхээсээ өмнө дагалдаж ирсэн танилцуулга, заавартай сайтар танилцахаас гадна мэргэжлийн эмч, эрүүл мэндийн байгууллагаас зөвлөгөө авч байхыг зөвлөе.
“One More International” компанийн вэбсайт дээрх мэдэгдэл
Уг наалтыг үйлдварлагч “One More International” компани нь албан ёсны сайтдаа дараах мэдэгдлийг нүүр хуудастаа томоор оруулсан байна.
“Манай компанийн зарчмуудад тодорхой заасанчлан импортлох, экспортлох, борлуулах, сурталчлах үйл ажиллагаа нь эм, эмнэлгийн бүтээгдэхүүн биш юм. Дахин хэлэхэд компанийн зарчимд дурдсанчлан эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүн, эрүүл мэндийн наалт гэх мэт аливаа хэрэгслээр бүтээгдэхүүнээ бусдад түгээх, мэдээлэх нь хууль тогтоомжид огт харш. Хэлэлцэж буй хууль тогтоомж нь Худалдахаар санал болгож буй бүтээгдэхүүний эрүүл мэндийн мэдүүлгийн тухай журам, Туркийн Хүнсний кодексийн шим тэжээл, эрүүл мэндийн тунхаглалын журам, Худалдааны зар сурталчилгаа, шударга бус арилжааны үйл ажиллагааны журам, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулиас бүрдэж байгааг танд сануулъя. 6502, энэ контент дахь мэдээллийг Хуваалцахыг хориглоно. Хэрэв ямар нэгэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр эрүүл мэндийн мэдүүлэг, үүнтэй төстэй бичлэгүүд илэрсэн тохиолдолд шаардлагатай нөхцөл, гомдол, захиргааны арга хэмжээ авах болно. Үүнийг бид олон нийтэд мэдээлэл болгон хүргэж байна” гэжээ.

