2024 оны дөрөвдүгээр сарын 11-нд Solongo Nasanbuyan гэх хаягнаас “Нийтийн байр, хажуу өрөө хөлслүүлэх зарын төвлөрсөн хуудас” , “Монголын хамгийн том ажлын зарын грүпп”, гэх мэт ажлын зар болон орон сууц, машин, гар утасны худалдаа хийх зорилготой нээгдсэн хуудсанд “Унтаагүй хүмүүс 300к авах ажил байна. Шууд чат бич” гэх тайлбартай пост оруулжээ. Уг постыг шалгуулахаар хүсэлт ирсний дагуу дараах мэдээллийг хүргэж байна.
Хаяг шалгах нь:
Solongo Nasanbuyan гэх хаяг нь өөрийн зургийг оруулаагүй. Фэйсбүүкээс уг хаягийн нэрээр нь хайхад шалгаж буй мэдээлэлтэй ижил постуудыг олон удаагийн давтамжтай олон төрлийн зарын группуудэд түгээжээ. Өөрийн зургийг оруулаагүй нүүр хуудас руу нь ороход нээлттэй тохиргоотой ямар ч нийтлэл пост байхгүй. Мөн ямар байгууллага төлөөлж байгаа, хаанаас санхүүжилт өгөх гэж байгаа нь, цаашлаад ямар ажил хийлгэх гэж байгаа нь тодорхойгүй.
- Үүнээс гадна зөвхөн чат бичихийг тодотгож уриалж байгаа нь залилангийн шинжтэй мэдээллийн гол шинж байдгийг та бүхэн мэддэг болсон байх.
Хэрэглэгчийн явуулсан чатны зургаас харахад тухайн хаяг руу чатаар хандахад “Mhealth.mn гэх аппликейшин татаад группд орно, 1 аппликейшн татаад 8000 төгрөг авч цалинжна, цалинг шууд дансаар олгоно, ганцхан өөрөө л уг апп-ыг татна хүн урина гэж байхгүй, сүлжээ шиг биш сайн ажиллавал нийгмийн даатгал төлж өгнө байрны урьдчилгаа хийж болно” гэсэн хариу илгээсэн байна. Ингэхдээ хаалттай группэд төлбөр төлж орох бөгөөд 5167451673, Тэмүүжин гэх данс руу 21000 төгрөг хийснээр гүйцэтгэх ажлаа авах боломжтой болно гэжээ. Харилцагч уг данс руу шилжүүлэг хийх боломжгүйгээ мэдэгдэхэд “цаг үрлээ” гэх шалтгаанаар хараалын үгээр доромжилсон байна.
Mhealth гэх аппликейшн нь 2016-2019 онд Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Оном сан, нийслэлийн 142 өрхийн эрүүл мэндийн төв, Швейцарь улсын Новартис сан болон бусад олон талууд хамтран хэрэгжүүлсэн “Эрүүл зүрх-Эрүүл Улаанбаатар” хөтөлбөрийн санаачилгаар бүтээсэн бөгөөд одоогоор идэвхжүүлээгүй, нэмж хөгжүүлээгүй байна.
Ийм төрлийн мэдээллийг худал гэдгийг мэдэх ч ямар нэг эможи дарах сэтгэгдэл үлдээхэд фэйсбүүкийн алгоритмаар цаашид ижил мэдээлэлэл танд харуулсаар байх тул report хийх нь зөв юм.
Мөн ЦЕГ-ын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх төв рүү холбогдож, дээрх дансны дугаарыг битүүмжлүүлэн шалгуулах боломжтой юм. Мөрдөн шалгалтын дүнд залилах гэмт хэрэг болох нь тогтоогдвол таны шилжүүлсэн мөнгийг буцаан олгож, залилагч этгээдэд хариуцлага тооцох юм.