Улаанбаатар хотын серийн дугаар худалдан авах хүсэлт 300,000 төгрөгөөс эхэлнэ гэх мэдээлэл төөрөгдүүлсэн

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 945

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Өнөөдрөөс автомашин шинээр худалдан авч байгаа иргэдэд Улаанбаатар хотын серийн дугаар олгохгүй. Худалдан авах хүсэлт 300,0 төгрөгөөс эхлэхээр байна” гэсэн пост оруулсан байна

Баримт шалгалтын үр дүн

Авто тээврийн үндэсний төвийн 19001234 дугаарын утсаар лавлахад “Нийслэлээс шалгуур үзүүлэлтийг баталж ирүүлээгүй байна. Дугаар авах процесс журмын дагуу явж, киоск машинд захиалах, төлбөрийг автоматжуулалт ашиглан хийх зэргээр ажилладаг тул 300 мянган төгрөг тушаагаад зогсож байх боломжгүй. Нийслэлээс чиглэл ирэхээр дугаар олголтыг хэрхэн хязгаарлах, зохицуулах нь тодорхой болно” гэсэн юм.

2024 оны 04 дүгээр сарын 15-нд “Olloo.mn-Өдөр бүр дэлхий даяар” нэртэй хуудсанд “Өнөөдрөөс автомашин шинээр худалдан авч байгаа иргэдэд Улаанбаатар хотын серийн дугаар олгохгүй. Худалдан авах хүсэлт 300,0 төгрөгөөс эхлэхээр байна” гэсэн пост оруулсан нь 144 удаа цааш түгээгдэж, 123 сэтгэгдэл авсан байна.

НИТХ-ын 2024 оны 02 дугаар сарын 8-ны өдрийн “Нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг тогтоох тухай” 18 дугаар тогтоолд “Нийслэлд хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 730.000 байхаар тогтоосугай” гэсэн байна.

Мөн “Тус тогтоолын 1 дэх заалтад заасан хязгаарт багтаан олгох тээврийн хэрэгслийн төрөл, ангилал, иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагааны чиглэл, шалгуур үзүүлэлтийг баталж ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч (Х.Нямбаатар)-д даалгасугай” гэсэн байна.

2024 оны 04 дүгээр сарын 18-нд Авто тээврийн үндэсний төвийн 19001234 дугаарын утсаар лавлахад “Нийслэлээс шалгуур үзүүлэлтийг баталж ирүүлээгүй байна. Дугаар авах процесс журмын дагуу явж, киоск машинд захиалах, төлбөрийг автоматжуулалт ашиглан хийх зэргээр ажилладаг тул 300 мянган төгрөг тушаагаад зогсож байх боломжгүй. Нийслэлээс чиглэл ирэхээр дугаар олголтыг хэрхэн хязгаарлах, зохицуулах нь тодорхой болно” гэсэн юм.

Мөн 04 дүгээр сарын 18-нд isee.mn мэдээллийн сайтад энэ талаар тодруулга авснаа нийтэлжээ.

  • Тус мэдээлэлд “АТҮТ-ийн Архив лавлагаа бүртгэлийн хэлтсийн дарга Д.Оюунсүрэнгээс тодруулахад, “Энэ бол ор үндэсгүй худал мэдээлэл. Бид үйл ажиллагаагаа хэвийн явуулж, улсын дугаар хэвийн олгож байгаа. Татаас, хураамж авсан зүйл огт байхгүй. Нийслэлийн авто машины тоог хязгаарлах тогтоолын төсөл батлагдсан хэдий ч одоогоор хүчин төгөлдөр хэрэгжиж эхлээгүй байна. Дээд албан тушаалтнуудаас ямар нэгэн үүрэг чиглэл өгөөгүй гэсэн үг. Яг хэзээнээс улсын дугаар олголтыг хязгаарлаж эхлэх тодорхой хугацаа заагаагүй. Мөнгө төлж улсын дугаар авч байна гэх ор үндэсгүй худал мэдээлэл тарааж байгаа нь сонгууль ойртсонтой холбоотой байх” гэсэн юм” гэжээ.

Авто тээврийн үндэсний төвийн сайтад Тээврийн хэрэгслийн бүртгэлийн мэдээллийг 03 дугаар сарын 27-ны байдлаар гаргасан байна.

Уг мэдээлэлд 2024 оны 03 дугаар сарын 27-ны байдлаар импортын тээврийн хэрэгслийн тоог өмнөх оны мөн үетэй харьцуулахад 62.6%-аар өссөн буюу 21,690 байсан нь 35,282 болсон гэжээ.

Тус статистик мэдээлэлд Нийслэлд бүртгэлтэй тээврийн хэрэгсэл 720,293 байна гэжээ. Тэгэхээр 9707 тээврийн хэрэгсэл нэмж бүртгээд НИТХ-аар тогтоосон дээд хэмжээ болох 730 мянгад хүрэхээр харагдаж байна.

Хэрэв оны эхний гурван сарын байдлаар 35,282 тээврийн хэрэгсэл импортолсон бол сард дунджаар 8.8 мянган автомашин оруулж ирдэг байх нь. Эдгээр шинэ автомашинд бүгдэд нь Улаанбаатар хотын серийн дугаар олгоно гэвэл НИТХ-ын тогтоолоор баталсан дээд хязгаар 730,000-д хүрэхэд дутуу байгаа 9,700 автомашин нь нэг сарын дараа гүйцнэ гэх тооцоолол гаргаж, шалгаж буй төөрөгдүүлсэн мэдээллийг түгээсэн байх магадлалтай.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document