Кока-кола ундаанд кокайн буюу хар тамхины агууламж байхгүй

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #944

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Coco-Cola компани жил бүр хоёр тэрбум ам доллароор хар тамхи авч ундаандаа хийдэг байсан нь илэрчээ” гэж түгээжээ

Баримт шалгалтын үр дүн

Кока-кола компани кока навчийг “декокайнжуулж” ундаандаа ашигладаг бөгөөд ундааны найрлагад ямар ч кокайны агууламж байхгүй

2023 оны дөрөвдүгээр сарын 12-нд Төгрөг Гэрэлчулуун нэртэй Фейсбүүк хаягаас “Coco-Cola компани жил болгон хоёр тэрбум доллароор хар тамхи авч ундаандаа хийдэг байсан нь илэрчээ үнэн үү та минь ээ” хэмээн түгээжээ. Тус пост нь нийт 209 реакц, 72 сэтгэгдэл авч, 795 удаа цааш түгээгджээ. Уг мэдээллийг өнөөдөр хүртэл шэйрлэж байгаа бөгөөд, хаягийн нэрийг хасаж, зургийг нь авч түгээсээр байна.

Кока-кола нь кока навч болон кола самар гэх 2 үндсэн орцоороо нэрлэгдсэн билээ. АНУ-ын Хар тамхины эсрэг үндэсний хүрээлэнгийн дурдсанаар кока-кола нь анх кокайн агуулж байжээ. Тухайн үед кокайн хууль бус байгаагүй бөгөөд 1885 онд Кока-кола анх эмчилгээний зориулалттайгаар гарж байв. Удалгүй 1921 онд АНУ кокайныг хууль буст тооцож, кока навчийг импортолж оруулж ирэхийг хуулиар хоригложээ. Ингэснээр Кока-кола 1929 онд кока навчийг “декокайнжуулж” буюу кокайны агууламжгүй болгон ашиглаж эхэлсэн.

Кока навч
Кола самар

“Кока-кола ундааны найрлагадаа хар тамхи буюу кокайн хийдэг” гэх мэдээлэл ямар учиртай вэ?

“Степан” гэх компани нь АНУ-д Хар тамхитай тэмцэх албаны (DEA) тусгай зөвшөөрөлтэйгөөр кока навчийг импортолдог цорын ганц компани юм. “Cтепан” компани Кока-кола компанийг “декайнжуулсан” кока навчаар хангадаг бөгөөд 2023 оны нэгдүгээр сард уг тусгай зөвшөөрлөө сунгасан талаар “Daily Mailмэдээлжээ.

Уг мэдээндээ “Бид Хар тамхитай тэмцэх албанаас хэдэн тонн кока навч импортолдог талаар тодруулахад хариу өгөөгүй. Гэхдээ 1980-аад онд жил бүр 500 гаруй тонн кока навч импортолдог байсан гэх баримт бий. 500 тонн кока навчаас 2 сая орчим грамм (2 тонн орчим) кокайн гаргаж авах боломжтой бөгөөд эмийн компанийн дундаж үнэлгээгээр бодож үзвэл ойролцоогоор 2 тэрбум ам.доллар болж байна. Үүнийгээ эмийн том компани болох Маллинкродт-д зардаг бөгөөд Маллинкродт компани уг кокайныг сайжруулан эм, эмийн бүтээгдэхүүндээ ашигладаг” гэсэн байна.

Дүгнээд хэлбэл, “Степан” компани Кока-кола компанийг зөвхөн “декокайнжуулсан” кока навчаар хангадаг. Харин тэрхүү “декокайнжуулах” процессоос гарсан кокайнийг эмийн компани болох Маллинкродт руу нийлүүлдэг байна. Иймд кока-кола ундааны найрлагад ямар ч кокайны агууламж байхгүй. Гэтэл Степан компанийн “декокайнжуулах” процессоос гаргаж авч, эмийн компани руу нийлүүлдэг кокайныг “Кока-кола жил бүр 2 тэрбум ам.доллароор хар тамхи авч ундаандаа хийдэг байжээ” хэмээн гуйвуулан, төөрөгдүүлсэн байдлаар түгээжээ.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document