Нар хиртэх болгонд сэргээн түгээдэг худал мэдээлэлд бүү автаарай

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #938

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Өнөө шөнө 12:30-3:30 хүртэл дэлхий маш өндөр цацраг идэвхжилттэй болох тул гар утсаа унтраан өөрийг болон бусдыг аюулаас хамгаалаарай” хэмээн нар хиртэж буй зураг оруулан түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Дэлхийн агаар мандлын соронзон орон нь сансрын цацрагаас биднийг хамгаалдаг тул дэлхий дээр буй гар утастай ойр болон хол байгаа хүмүүст ямар ч аюул байхгүй.

2024 оны дөрөвдүгээр сарын 09-нд Хүслэн бөөний төв гэх хаягаас “Өнөөдөр шөнө 12:30-3:30 хүртэл гар утас, таблет, компьютер гэх мэт зүйлсээ унтрааж, биеэсээ маш хол байрлуулахаа бүү мартаарай. Энэ тухай сингапурын телевиз мэдээлэв. Шэйр хийж найз нөхөд, хамаатан садандаа хэлээрэй. Өнөө шөнө 12:30-3:30 хүртэл манай гараг буюу Дэлхий(Earth) маш өндөр цацраг идэвхжилтэй байх болно. Сансрын туяа дэлхийтэй маш ойрхон өнгөрөх юм. Тиймээс гар утсаа унтрааж өөрийгөө болон бусдыг аюулаас хамгаалах юм. Хэрэв гар утсаа унтраахгүй биеэсээ хол байлгахгүй бол маш аймшигтай гэмтэл учруулж болзошгүй юм. Итгэхгүй байгаа бол google болон Nasa BBC news-ээс шалгаж болно шүү. Өөрт болон бусдадаа хайртай л юм бол яг одоо Share хий.” гэх тайлбартайгаар зураг хавсарган нийтэлжээ. Тус пост нь нийт 409 реакц, 86 сэтгэгдэл авч, 11 мянга гаруй удаа цааш түгээгджээ.

Энэхүү мэдээлэл нь анх 2008 оноос хойш нар хиртэлт болох тутамд гарч ирдэг хуурамч мэдээлэл хэмээн 2012 онд нэгэн сансар судлал сонирхогч өөрийн блогтоо мэдээлж байжээ. Тэгвэл үүнээс хойш үе үе түгж, ихээр хандалт авч, баримт шалгалтаар худал гэдэг нь тогтоогдсон тохиолдлуудыг танилцуулъя.

2017 онд “Snopes.com”-ийн хийсэн баримт шалгалт

1994 оноос хойш хуурамч мэдээллийг илрүүлж баримтаар шалгаж ирсэн “Snopes.com” 2017 оны нийтлэлдээ энэ талаар “Нар хиртэлт нь дэлхий дээр байгаа хүний эрүүл мэндэд шууд нөлөөлөх үзүүлэхгүй, мөн гар утасны ойролцоо байх нь эрсдэлтэй гэдэг худал юм” хэмээжээ.

2019 онд “Vishvanews“-ийн хийсэн баримт шалгалт

2019 онд Энэтхэгт түгж байсан ижил утгатай энэхүү мэдээллийн талаар “Vishvanews” агентлаг дараах байдлаар баримт шалгалт хийжээ. “Эхлээд бид сансрын цацраг гэж юу байдгийг мэдэх хэрэгтэй. Энэ нь гэрлийн хурдаар сансарт түгэх өндөр энергитэй атомын цөм болон бусад бөөмс юм. Дэлхий рүү ийм сансрын цацраг орж ирсэн ч дэлхийн агаар мандлын соронзон орон өөрт ойлгон буцаан сансар луу гаргадаг билээ. Мөн энэхүү хуурамч мэдээлэлд дурдсан “Singapore TV” гэсэн суваг огт байдаггүй.” хэмээжээ.

2021 онд “AFP“-ийн хийсэн баримт шалгалт

Францын олон улсын мэдээллийн агентлаг болох AFP нь 2021 онд яг ижил агуулгатай мэдээлэл Тайланд улсад тархаж буй дээр баримт шалгалт хийжээ. Анх 2010 онд твиттер дээр, Фейсбүүк дээр энд, энд мөн энд түгээгдэж байв. Тайландын Үндэсний одон орон судлалын хүрээлэнгийн Супалерк Каруеханон үүнийг “худал мэдээлэл” хэмээн мэдэгдсэн. Мөн Европын Сансрын Агентлагаас энэ талаар “Дэлхийн агаар мандлын соронзон орон нь биднийг сансрын цацрагуудаас хамгаалдаг” хэмээжээ.

Эдгээр олон улсын баримт шалгалтуудаас үзвэл энэ мэдээлэл нь нар хиртэлт болон бусад байгалийн үзэгдэл гарах тутамд түгж, бусдыг төөрөгдүүлж, хандалт авсаар иржээ. Иймд аливаа хувь хүн, найдваргүй эх сурвалжийн мэдээлэлд итгэхээс илүүтэй олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэдээллийн агентлаг болон баримт шалгалтын төвөөс мэдээллээ авч байхыг зөвлөе.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document