“Витамин Д үргүй болгодог” гэх мэдээлэл төөрөгдүүлсэн

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #937

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Витамин D-д ордог polysorbate 80 хулганы хоронд ордог үргүй болгодог бодис гэх агуулга бүхий мэдээллийг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Полисорбат нь уусгагч, тогтворжуулагч хүнсний нэмэлт юм. Полисорбат хүний нөхөн үржихүйн эрхтэнд нөлөөлдөг гэх хангалттай нотолгоо байхгүй. Аливаа эм, эмийн бэлдмэл, витамины төрлийн бүтээгдэхүүнийг эмчийн зааврын дагуу зохих тунгаар хэрэглэх нь зүйтэй.

2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Handaa Byamba гэх хаягаас “Үргүй болгох бодис ордог гэхээр шоолоод ороод ирдэг бас 1 сэдэв бол манай эмийн сангуудаар зарагддаг Д витамин. Найрлага дах полисорбит-80 нь хулганы хоронд ордог, үргүй болгодог бодис. Амаар орсон хортой бодисууд хөлс, өтгөн шингэн, нус цэр, нуухаар гадагшилна. Харин цус руу хор орохоор халуурна, ханиалгана, бөөлжинө, гүйлгэнэ…хөнгөн урвал гэнэ! Татгалзах хэрэгтэй.” Гэх тайлбартайгаар витамин Д бэлдмэлийн орцын зургийг хавсаргасан нь нийт 39 реакц авч, 64 удаа цааш түгээгджээ. Тус мэдээлэл нь 2023 онд нийтлэгдсэн ч 2024 оны гуравдугаар сард хэрэгдэгчид дахин идэвхжүүлж цааш түгээсэн учир баримт шалгалт хийлээ.

Полисорбат (Polysorbate) 80 нь E432-436 бүлгийн хүнсний нэмэлтэд хамаардаг бөгөөд эмульгатор буюу тодорхой уусмалд хоорондоо уусдаггүй бодисуудыг уусгаж, найрлагыг нь сайтар холиход ашигладаг уусгагч бодис юм. Полисорбат 80 хүнсний нэмэлтийг талх, бялууны зуурмаг, салат амтлагч, шоколад зэрэг олон төрлийн хүнсний бүтээгдэхүүнд уусгагчаар ашигладаг. Харин парентераль эмчилгээ, вакцинжуулалтад зориулагдсан эмийн усан найрлагыг тогтворжуулахад ашигладаг туслах бодис юм. Мөн биологийн эмийн бүтээгдэхүүнийг тээвэрлэх, тээвэрлэх явцад уураг задрах, бөөгнөрөх, хур тунадас үүсэхээс хамгаалахад өргөн хэрэглэгддэг.

Шалгаж буй мэдээлэлд “Pedia d-Vite drop” буюу шингэн хэлбэртэй витамин Д уусмалын найрлагын зургийг хавсаргасан байна. Уг зургаас тус бүтээгдэхүүнд Полисорбат 80 нь идэвхтэй гол найрлага бус “бусад” буюу идэвхгүй туслах бодист хамаарч байгааг харж болох юм.

Олон улсын баримт шалгах сүлжээний гишүүн Healthfeedback баримт шалгах төв Витамин К- ийн тарилгад агуулагдсан Полисорбат 80-той холбоотой баримт шалгалт хийсэн бөгөөд тус баримт шалгалтын тайланд:

  • Полисорбат 80 нь үргүйдэлтэй холбоотой гэдгийг батлах нотолгоо байхгүй байна. 1992 онд  хийсэн ганц судалгаагаар төрөх үед полисорбат 80-д өртсөн хархны нөхөн үржихүйн эрхтнүүдийн үйл ажиллагаа буурсан гэж мэдээлсэн. Эрдэмтэд төрсний дараах дөрөв, тав, зургаа, долоо дахь хоногт нь харх бүрд 0.1 миллилитр 1% Tween 80 (Полисорбат 80-ын өөр нэршил) уусмалыг тарьсан байна… Хархнуудад хийсэн тарилга бүрд 1,07 мг полисорбат агуулсан. Хархны төрөх үеийн жин 6 грамм орчим байдаг. Тиймээс эдгээр хархнууд кг тутамд 180 миллиграм тунг дөрвөн удаа давтан буюу нийт жингийн килограмм тутамд 720 миллиграм тунгаар авсан. Үүнийг зөвхөн нэг удаа 10 мг К витамины тарилга дахь полисорбат 80-ийн хэмжээтэй харьцуулж үзвэл харханд хэрэглэсэн полисорбат 80-ийн тун нь нярай хүүхдэд К витамины тарилга хийсэн тунгаас 70 дахин их байна” хэмээжээ.

Тэгвэл Европын хүнсний аюулгүй байдлын агентлагийн (EFSA) албан ёсны сайтад “НҮБ-ын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Хамтарсан Байгууллага (FAO), Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ), Хүнсний нэмэлтүүдийн шинжээчдийн хороо (JECFA)-оос нь полисорбатын өдөрт хэрэглэх зөвшөөрөгдсөн хэмжээг биеийн жингийн кг тутамд 25 мг (25мг/кг) гэж гаргасан бол Хүнсний Шинжлэх Ухааны Хороо (SCF) нь өдөрт хэрэглэх зөвшөөрөгдөх хэмжээг 10 мг/кг“ хэмээн мэдээлжээ. Мөн Европын эмийн агентлагийн шинжээчдийн бүлэг полисорбат 80-ын аюулыг “маш бага” гэж ангилсан.

AFP болон Reuters агентлагаас вакцин болон витамин K тарилгатай холбоотой баримт шалгалтын тайланд polysorbate 80 хортой бодис биш гэдгийг дурдсан байна.

Тухайлбал Reuters агентлагийн  2020 оны 10 дугаар сарын 28-нд тайлагнасан “Томуугийн вакциныг хүн амыг бууруулахад ашигладаггүй” гэх баримт шалгалтад  Фрэнсис Крикийн хүрээлэнгийн Дэлхийн томуугийн төвийн захирал Жон Макколи “Полисорбат 80 нь вакциныг тогтворжуулахад тусалдаг идэвхгүй бодис юм. Энэ нь хортой биш юм” хэмээн хэлжээ.

APF  агентлагийн  баримт шалгалтад “Полисорбат нь зайрмаг, витамин, вакцин зэрэг хүнсний бүтээгдэхүүнд хэрэглэдэг уусгагч, тогтворжуулагч (emulsifier) бөгөөд байнгын ташаа мэдээллийн бай болж байна” гэж дурдсан.  Мөн тус тайланд Калифорниагийн их сургуулийн Davis эмнэлгийн төвийн доктор Лист “Эцэг эхчүүд К витамины тарилга дахь полисорбат 80-ийн агууламжийн талаар санаа зовох хэрэггүй, P80-ийг (АНУ-ын Хүнс, Эмийн Захиргаа) аюулгүй гэж тодорхойлсон … Хэдийгээр P80-ийн талаар хязгаарлагдмал судалгаа хийсэн боловч P80-ийн вакцин хийлгэсэн нярайд сөрөг нөлөө бүртгэгдээгүй” хэмээн хэлжээ.

Хулганы хоронд ордог идэвхтэй буюу гол хортой бодисуудад полисорбат 80 (полисорбатын өөр нэршлүүдийн жагсаалт)-ийг огт дурдаагүй байгааг дараах эх сурвалжуудаас харах боломжтой. (энд, энд бас энд).

Аливаа эм, эмийн бэлдмэл, витамины төрлийн бүтээгдэхүүнийг эмчийн зааврын дагуу зохих тунгаар хэрэглэх нь зүйтэй.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document