Үхрийн баасаар шоколад хийж байгаа гэх бичлэг хэд хэдэн бичлэгийг нийлүүлж эвлүүлсэн

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #935

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Үхрийн баасаар шоколад хийж буй гэх богино хэмжээний бичлэгийг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Шалгаж буй бичлэгийг хэд хэдэн богино бичлэг, дүрс ашиглан эвлүүлжээ.

2024 оны дөрөвдүгээр сарын 03-нд “Lebron-ий хувь хүн” гэх хуудаснаас “Хөгжилөө гэж гайхамшигтай юмаа” гэх тексттэй үйлдвэрт үхрийн баасыг цуглуулж шоколад хийж буй богино хэмжээний бичлэгийг түгээжээ. Тус бичлэг нь нийт 4,200 гаруй реакц, 162 сэтгэгдэл авч, 56 удаа цааш түгээгдсэн.

Шалгаж буй бичлэгийн хэсгийг Google Lens хайлтын системээр хайхад тус бичлэг 2019 онд 9GAG платформд @bddcm хаягт “Milka шоколадыг ийм замаар бүтээдэг” гэх тайлбартайгаар нийтэлсэн байна. Бичлэгийн эхлэлд баруун дээд буланд “Quantum tech HD”  гэх лого гарч ирэх ч дараа дараагийн дүрсүүдэд тус лого байхгүй, мөн дүрс тус бүрийн нягтаршил нь өөр байгаагаас  шалгаж буй бичлэгийг хийхдээ хэд хэдэн дүрс нийлүүлсэн гэдгийг харж болно.  

Үргэлжлүүлэн Youtube-ээс “Үхрийн фермийн цэвэрлэгээний машин” гэх агуулгаар хайхад шалгаж буй бичлэгт орсон үхрийн баас цуглуулж буй бичлэгийн эх хувилбарыг оллоо. Machinery Magazine гэх Youtube хуудаст 2020 оны наймдугаар сарын 20-нд “Орчин үеийн гайхалтай автомат үхрийн аж ахуйн технологи, хамгийн хурдан хооллох, цэвэрлэх, сүү саах машин” гэх тайлбартай нийтлэгдсэн бичлэгийн 5.3 минутаас 5.44 минут хүртэлх хэсгээс шалгаж буй бичлэгт оруулжээ.

Тэгвэл бичлэгт орсон хэд хэдэн дүрс нь Mondelez International Youtube хуудаст 2015 оны дөрөвдүгээр сарын 18-нд “Милкагийн тухай бүх зүйл – Түүх ба хэрхэн бүтээгдсэн тухай” гэх тайлбартайгаар нийтлэгдсэн. Милка шоколадны зар сурталчилгааны бичлэгийн хэсэг болохыг доорх зургаас харах боломжтой.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document