Эргэн төлөгдөхгүй санхүүжилт өгнө гэх нэрийдлээр хураамж нэхэж мөнгө залилж байна

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #933

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Тоо таагаад 10 сач хүртэлх санхүүжилт аваарай гэх агуулга бүхий  мэдээллийг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Хувийн чат бичихийг уриалж таны хувийн мэдээлэл авч, хураамж нэрийдлээр мөнгө залилж буй хуурамч хаяг юм.

2024 оны гуравдугаар сарын 08-нд Buynmandah Otgonbayr  гэх хаягаас Ebarimt.mn зөвлөгөө группэд “Зөвхөн нуусан тоог хэлээд 70 саяыг ав.  Энэ алтан боломжийг эхний 100 хүн л хүртэнэ Надад хувийн мессеж үлдээгээрэй” гэх тайлбартайгаар зураг хавсарган нийтэлжээ. Тус пост нь нийт 20 реакц, 237 сэтгэгдэл авчээ.

Хаяг шалгах нь

Buynmandah Otgonbayr гэх хаяг нь нүүр зурагтаа өөрийн зургийг оруулаагүй, Хаан банкны албан ёсны хуудсанд 2022 оны 10 дугаар сарын 19-ны өдөр нийтлэгдсэн Европын сэргээн босох хөгжлийн банктай хийсэн гэрээний үеийн үйл явдлын зургийг оруулжээ. Фейсбүүкээс тус хаягийн нэрээр хайхад шалгаж буй мэдээлэлтэй ижил тайлбарыг бичсэн постуудыг олон удаагийн давтамжтай өөр өөр бүлгэмүүдэд түгээжээ. Өөрийн зургийг оруулаагүй, аль байгууллагыг төлөөлж байгаа, хаанаас ямар санхүүжилт өгөх гэж буй нь тодорхой бус байгаагаас гадна пост бүртээ зөвхөн хувийн чат бичихийг уриалж байгаа нь сэжигтэй, залилангийн шинжтэй байж болзошгүйг илтгэж байна.

Тухайн хаяг руу чат бичихэд ”10 саяас 500 сая хүртэлх төгрөгийн буцаан олгохгүй санхүүгийн тусламж өгнө, өөрийн иргэний үнэмлэх болох хувийн мэдээллийг явуулаарай” гэх хариу ирлээ. Түүний дараагаар “таны хүсэлт бүртгэгдсэн, та бүртгэлийн хураамж болох 258 мянган төгрөгийг тушаана уу” хэмээн илгээж байна. Зөвхөн хувийн чат бичээрэй гэж уриалсан нь таны хувийн мэдээллийг авч, хураамж илгээгээрэй хэмээн мөнгө залилж буй хэрэг юм.

Бид шалгаж буй хаягтай харьцахдаа зохиомол нэр, дансны дугаарыг илгээхэд хүссэн хэмжээний мөнгийг илгээсэн мэт эвлүүлсэн зураг явуулсан. Хэрэв 285 мянган төгрөг явуулсан бол араас нь дахин мөнгө нэхэж  “таны шилжүүлэг хийгдсэн боловч 50% дээрээ гацсан учир дахин 550 мянган төгрөг явуул”, “гарын үсэг баталгаажуулахын тулд  985 мянган төгрөг шилжүүл”, “таны санхүүжилт аль хэдийн баталгаажсан, төлбөрөө хийвэл шууд мөнгө орно” гэх мэт чатыг илгээснийг доорх зургаас харах боломжтой.

Энэ нь их хэмжээний мөнгийг амархан авах боломжтой мэт санагдуулавч хүссэн мөнгийг тань огт шилжүүлэхгүй бөгөөд эргээд танаас хураамж нэрийдлээр мөнгө залилж буй үйлдэл юм. Тиймээс аливаа их хэмжээний санхүүжилт өгнө, мөнгө олгоно гэх мэдээлэлд хууртаж, хувийн мэдээллээ илгээж, хураамж гэх мэт төлбөр шилжүүлж болохгүй.

  • Мөн энэ төрлийн мэдээллийг худал гэдгийг мэдэх ч ямар нэгэн байдлаар эсэргүүцсэн сэтгэгдэл үлдээх, аль эсвэл уурласан эможи дарсан тохиолдолд фейсбүүкийн алгоритмаар цаашид ижил мэдээллүүдийг танд харуулсаар байх учир report хийх нь зүйтэй.

Report хийх зааврыг зургаар үзүүллээ

ЦЕГ-т мэдэгдэж, залилуулсан мөнгөө эргүүлж авах боломжтой

Хэрэв та аливаа мэдээлэлд итгэж, баталгаагүй холбоост дарж, хаягаа алдсан, улмаар залилуулж мөнгө шилжүүлсэн бол ЦЕГ-ын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх төв, эсвэл 102 дугаарын утсанд хандаарай. Тус төв нь дансны мэдээллийг царцааж, мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулж иргэдийг залилсан нь тогтоогдвол нөхөн төлбөрийг буцаан олгох чиглэээр ажиллаж байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document