“Хятадад хүүхэд хүчиндсэн этгээд цаазын ял авч байна” гэх бичлэгийн тайлбар худал

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #932

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Хятад улсад хүүхэд хүчиндсэн этгээд шүүхээс цаазын ял авч байна гэх агуулга бүхий богино хэмжээний бичлэгийг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Шалгаж буй бичлэг нь хүчингийн хэрэг хийсэн хэрэгтний бичлэг бус хулгайн хэрэг давтан хийсэн этгээд ардын шүүхээр орж буй бичлэг ажээ.

2023 оны 11-р сарын 08-нд CoinHub Telegram Group гэх хуудаснаас “Хятадад хүүхэд хүчиндсэн этгээд цаазын ял авч байна” гэх тексттэй богино хэмжээний бичлэгийг түгээжээ. Тус бичлэг нь нийт 8,500 гаруй реакц, 306 сэтгэгдэл авч, 6,100 гаруй удаа цааш түгээгдсэн.

Шалгаж буй бичлэгт шүүхийн тэнхимд хятад ханзаар бичсэн байсан учир бид Douyin (TikTok-ийн хятад хувилбар)-аас “Шүүхийн дэргэдэх хорих өрөө” гэх агуулгаар хайхад бидний шалгаж буй бичлэгтэй ижил газар хийсэн бичлэгийг  @黄山市歙县人民法院 (Хуаншань хотын Шэшиан Ардын шүүх) гэх хаягт оруулжээ.

Үргэлжлүүлэн тус хаягийг шалгахад шалгаж буй бичлэгийн эх хувилбарыг 2023 оны 10-р сарын 17-нд “18-28 нас хүртлээ хулгайн хэргээр олон удаа хоригдож байжээ. Өнөөдөр түүнийг хулгайн хэргээр арав дахь удаагаа Шэ дүүргийн ардын шүүх шүүж байна… ” гэх тайлбартайгаар нийтэлсэн байна.

Тус хаяг нь Шэшиан мужийн иргэний шүүхийн албан ёсны Douyin хаяг гэх шошготой бөгөөд нийт 233,000 дагагчтай 1,8 сая хандалттай (like) хаяг аж.

Хятадын эрүүгийн хуульд хүчирхийлэл, хүчингийн хэрэг үйлдсэн тохиолдолд хэргийн хэмжээнээс хамаарч 3-10 жилээр хорих, 10 жилээс дээш хугацаагаар хорих, бүх насаар нь хорих, цаазаар авах ялаар шийтгэнэ хэмээн заасан байдаг.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check document