2024 оны дөрөвдүгээр сарын 01-нд Air1 television, FM106.5-Air1 телевиз гэх хуудаснаас “Хөгжил…” гэх тайлбартайгаар робот мэт хөдөлж буй зөөгчийн бичлэг түгээсэн нь нийт 855 реакц, 206 сэтгэгдэл авч, 226 мянга гаруй хэрэглэгч үзжээ.
Бичлэгт тодорхой тайлбар өгөөгүй ч олон нийт үүнийг “Хятадад хөгжил дээд шатандаа хүрч, робот зөөгч ажиллаж эхэлжээ” гэх агуулгаар ойлгох нь түгээмэл байгааг хуваалцсан байдал болон сэтгэгдлээс харагдаж байна. Иймд бодит байдлыг нягталж хүргэх нь зүйтэй гэж үзлээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ.
Шалгаж буй бичлэгийн баруун дээд булан дээрх тэмдэглэгээний дагуу “DakaChina” гэж хайхад тус бичлэгийг “ต๋าข่า Daka China ” фейсбүүк хуудас “ …Хятадын баруун өмнөд хэсгийн Chongqing-ний охин роботын хөдөлгөөнийг дуурайж байна…” гэх тайлбартайгаар нэгдүгээр сарын 20-нд түгээжээ. Үргэлжлүүлэн тус агуулгаар Douyin (TikTok-ын хятад хувилбар)-аас хайхад @Liuzhou Daily гэх хаягт 2023 оны аравдугаар сарын 23-нд “Халуун тогооны рестораны эзэгтэйн роботыг дуурайсан нь алдартай болсон… эх сурвалж: @李滑滑老火锅老板娘 (Li Хuahua хуучин халуун тогооны эзэн эмэгтэй) ” гэх тайлбартайгаар хэд хэдэн богино бичлэгийг эвлүүлсэн бичлэг нийтэлсэн.
Дурдсан эх сурвалж руу ороход хаягаа “Халуун тогооны робот” гэж нэрлэсэн, мөн “Халуун тогооны робот” гэх нэртэй цуврал бичлэгүүдийг оруулсан байна. Тус хаягт Робот мэт хөдөлж буй бичлэгүүд дийлэнхийг нь эзлэх ч зааланд хосоороо бүжиглэж буй бичлэгийг мөн хаягтаа оруулжээ.