2024 оны дөрөвдүгээр сарын 02-нд Батчулуун Цэнгэл Батцэнгэл гэх хаягаас “ХАРЬ ГАРИГ СОНИРХОГЧИД” бүлгэмд “Испанийн тэнгэрт бүртгэгдсэн хачирхалтай гэрэл. Испанид олон нийтийн сүлжээнд шуугиан тарьж байна 30/03/2024” гэх тайлбартайгаар тэнгэрт дугуй хэлбэртэй гэрэл асаж буй хэд хэдэн зургийн хамт нийтэлжээ. Тус пост нь нийт 682 реакц, 71 сэтгэгдэл авч, 63 удаа цааш түгээгдсэн байна.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Шалгаж буй мэдээлэлд хавсаргасан зургийг “Google Lens” хайлтын системээр хайхад Instagram, TikTok, Youtube зэрэг олон платформд тус мэдээлэл түгээгдсэн бөгөөд илэрцүүд дунд Испанийн мэдээллийн сайт “Heraldo”-ийн мэдээлэл байв. 2024 оны дөрөвдүгээр сарын 02-нд “Heraldo” сайтад нийтэлсэн мэдээлэлд “…Кретас хотын Соло Хаус орон сууцны цогцолборт телевизийн зураг авалтын гэрэлтүүлгийг туршиж байсан… ” хэмээжээ. Уг гэрэлтүүлгийн туршилтыг Тэрүэл кино комисс (Teruel Film Commision) хийсэн ба албан ёсны Instagram хаягтаа дөрөвдүгээр сарын 02-ны өдөр “Энэ халдлага биш, зураг авалтын өмнөх техникийн туршилтууд юм..” гэх тайлбартайгаар шалгаж буй мэдээлэлд хавсаргасан зургийг оруулжээ.
