2024 оны 3 дугаар сарын 26-нд Monnews нэртэй Фейсбүүк пэйж “Байцайны шүүс 100 төрлийн өвчнийг анагаах шидтэй. Байцайны шүүсээр ходоодны шарх эмчлэх арга. Хадгалаад аваарай” гэх гарчигтай вэбсайтын линк холбосон мэдээ түгээжээ. Вэбсайт руу орж уншвал “Байцайны шүүс 100 төрлийн өвчнийг анагаах шидтэй бөгөөд витамин C, U-г ихээр агуулдаг. Байцайны шүүс нь толгойн өвчин намдаана, бүдүүн гэдэсний хорт хавдраас сэргийлнэ, чихний даамжирсан өвчнийг намдаана, сонсгол сайжруулна, гэдэс дотор цэвэрлэж, өтгөн хатахаас сэргийлнэ” гэх агуулгатай мэдээлэл нийтэлжээ.
FACTCHECK: Дараах байдлаар шалгалаа.
АНУ-ын эрүүл мэндийн мэдээлэл хүргэдэг “Healthline” вэбсайт дээр байршсан байцайны шүүсний эерэг болон сөрөг талыг дурдсан нийтлэлийг шалгасан мэдээлэлтэй харьцуулан хүргэж байна.
- Сөрөг: Байцайны шүүс нь ходоодны шарх, зүрх судасны өвчин, хавдар зэрэг өвчнөөр өвчлөх эрсдэлийг багасгадаг хэдий ч 100 төрлийн өвчнийг анагаадаг гэсэн баримт, судалгаа одоогоор байхгүй юм
- Сөрөг: Байцайны шүүс ууж толгойн өвчин намдаах, чихний өвчин намдаах, сонсгол сайжруулна зэрэг нь шинжлэх ухааны судалгаагаар батлагдаагүй
- Эерэг: Байцайны шүүс нь C, K, U зэрэг амин дэмээр баялаг
- Эерэг: Ходоодны шархтай хүмүүс дунд хийсэн судалгаагаар байцайны шүүс уусан хүмүүс дунджаар 10-11 хоногт, харин энгийн эмчилгээ хийлгэсэн хүмүүс дунджаар 37 хоногт эдгэж байна гэсэн үр дүн гарчээ.
Дараах хүмүүст байцайны шүүс сөрөг үр дагавар үзүүлэх боломжтой
- Байцайны шүүс их хэмжээгээр хэрэглэх нь бамбай булчирхайд сөрөг нөлөөтэй. Учир нь байцайнд гоитроген их хэмжээгээр агуулагддаг тул бамбай булчирхайн асуудалтай хүмүүс хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй
- Цус шингэлэх эм, эмийн бүтээгдэхүүн хэрэглэж байхдаа бие дэх K витамины хэмжээг тогтмол байлгах шаардлагатай байдаг тул байцайны шүүс хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй. Учир нь K витамин нь байцайнд их хэмжээгээр агуулагддаг.
- Irritable Bowel Syndrome буюу цочромтгой гэдэсний хам шинжтэй хүмүүс байцайны шүүс хэрэглэснээр гэдэс эвгүйрэх, гэдэс дүүрэх, суулгах зэрэг шинж тэмдгүүд илэрчээ.
Дүгнээд хэлбэл, шалгасан мэдээлэлд байцайны шүүсний сайн талыг бичсэн хэдий ч сөрөг талуудыг орхигдуулжээ. Иймд цахим орчинд байгаа аливаа эрүүл мэндийн зөвлөгөөг дагахаасаа өмнө өөрийн биеийн онцлог, нөхцөл байдалд таарах эсэхийг сайтар судалж, мэргэжлийн эмчээс зөвлөгөө авч байхыг зөвлөе.