2024 оны 03 дугаар сарын 19-нд “Иргэн Т.Хаянхярваа” гэх хаягаас “Метроны зөвлөх үйлчилгээгээр дэлхийн шилдэг компаниуд мултарч Монгол компани шалгарлаа гэнэ” гэх пост оруулсан нь 694 удаа цааш түгээгдээд байна.
FACTCHECK: Дараах байдлаар шалгалаа.
03 дугаар сарын 22-нд Нийслэлийн ЗДТГ-ын Олон нийттэй харилцах хэлтэсээс “Метро барих төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх тендер шалгаруулах үйл явц үргэлжилж байна” гэсэн мэдээлэл гаргасан. Уг мэдээнд, “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд зааснаар тендер шалгаруулалтад оролцох саналаа ирүүлсэн 20 компанид хоёрдугаар үе шатанд оролцох урилгыг хүргүүлнэ. Хоёрдугаар үе шатны сонгон шалгаруулалтад шалгарсан компани нийслэл Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл буюу метро барих төслийн зөвлөх үйлчилгээг үзүүлэх юм. Мөн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахад дэмжлэг үзүүлж, төслийн урьдчилсан ТЭЗҮ-г шинэчлэх, төслийн бүх үе шатанд гүйцэтгэгчийн гүйцэтгэлийн чанар, стандартын шаардлага хангаж байгаа эсэхэд хяналт тавьж, шаардлагатай боловсон хүчнийг бэлтгэж ажиллана” гэсэн байна.
Төрийн худалдан авах арга, ажиллагааны цахим системээс хайхад “Их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл “Метро”-г барих төслийн зөвлөх үйлчилгээ” нэрээр зарлагдсан тендерийн үр дүн гараагүй байна.
Зөвлөх үйлчилгээнд 181.9 тэрбум төгрөг төсөвлөснөөс энэ онд 54.5 тэрбум төгрөгийг санхүүжүүлэхээр заасан.
Сонгон шалгаруулалтад 20 компани саналаа ирүүлсэн ба үр дүн гараагүй байна.