“Сэтгэгдэл бичсэн өрх бүрд тэтгэмж олгоно” гэх мэдээлэл худал

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #919

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Сэтгэгдэл бичсэн өрх бүрд тэтгэмж олгоно гэх агуулга бүхий мэдээллийг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Тиймээс залилангийн шинжтэй хуурамч мэдээлэлтэй таарсан тохиолдолд доорх заавраар тухайн постыг “хуурамч мэдээлэл” аль эсвэл “спам” гэх ангиллаар report хийх нь зүйтэй юм.

2024 оны гуравдугаар сарын 24-нд Fabienne Gnimavo гэх хаягаас “Халамж ба хүүхдийн мөнгө” бүлгэмд “Өнөөдөр буюу 2024 оны 3-р сарын 23-ноос 3-р сарын 30-ны хооронд өрх бүрт тэтгэмж олгож байна. энэ бол луйвар биш. Үүнийг авахын тулд “ok” гэж коммент бичээрэй” гэ тайлбартайгаар монгол мөнгөн тэмдэгтийн зурагтай хамт нийтэлсэн нь нийт 57 реакц, 407 сэтгэгдэл авчээ.

Хаяг шалгах нь

Fabienne Gnimavo гэх хаяг нь өөрийн нүүр болон ковер зурагтаа интернэтэд түгээмэл ашиглагддаг зургийг хийсэн бөгөөд танилцуулга хэсгээ огт бөглөөгүй, хувийн мэдээллээ оруулаагүй, нийтэд нээлттэй зураг пост оруулаагүй байна. Мөн фейсбүүк дэх найзуудын мэдээлэл нууцлалтай.

Тус хаягийн нэрээр фейсбүүкээс хайхад олон удаагийн давтамжтайгаар мөнгө өгнө, сэтгэгдэл бичээд тэтгэмжээ аваарай гэх агуулга бүхий мэдээллийг оруулжээ. Тухайлбал “Архангай Зарын Нэгдсэн групп” гэх бүлгэмд “Өнөөдөр буюу 2024 оны 3-р сарын 26-ноос 3-р сарын 30-ны хооронд өрх бүрт тэтгэмж олгож байна. энэ бол луйвар биш. Үүнийг авахын тулд “ok” гэж коммент бичээрэй” гэх тайлбартайгаар шалгаж буй мэдээлэлтэй яг ижил зургийг оруулжээ. Мөн “Ebarimt.mn зөвлөгөө” гэх бүлгэмд хувийн чат бичээд 100 сая төгрөг аваарай гэх агуулга бүхий мэдээллийг оруулсан байна. Үүнээс тус хаяг постолж буй өдрөөсөө хамаарч текстийнхээ он сар өдрийг солиод мөнгө өгнө гэх агуулгатай мэдээллийг олон группт зэрэг түгээж байгааг харж болно. Шалгаж буй хаяг руу хувийн чатаар холбогдоход өөрийн хувийн мэдээллээ явуулаарай гэх хариуг ирүүлж байна.

Олон удаа оруулсан мэдээллүүдэд тус хаяг ямар байгууллагыг төлөөлж тэтгэмж өгөх, хэр их хэмжээний мөнгө өгөх эсэх нь тодорхойгүй, хаягт ямар нэг мэдээлэлгүйгээс гадна хувийн мэдээллээ явуулаарай гэж уриалж байгаа давтамжтай оруулсан мэдээллээс тэтгэмж, мөнгө авсан хүн байхгүй байгаа нь уг хаяг болон оруулсан мэдээлэл нь хуурамч, залилангийн шинжтэйг харуулж байна.

Идэвхжүүлэхээс татгалзаарай

Хэдий хэрэглэгч ийм төрлийн хуурамч мэдээллийг танин үгүйсгэсэн сэтгэгдэл бичиж, уурласан реакц дарсан ч энэ нь тухайн хаягийг идэвхтэй мэтээр харуулахаас гадна фэйсбүүкийн алгоритмаар танд энэ төрлийн мэдээллийг дахин дахин харуулах болно. Тиймээс залилангийн шинжтэй хуурамч мэдээлэлтэй таарсан тохиолдолд доорх заавраар тухайн постыг “хуурамч мэдээлэл” аль эсвэл “спам” гэх ангиллаар report хийх нь зүйтэй юм.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document