Банкны ATM-д залгиулсан картыг ямар нэг товчлуур дарж буцааж авах боломжгүй

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #916

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Та ATM-д картаа залгиулсан тохиолдолд cancel товчлуур дээр 2-3 минут дарсны дараа,  тийм/үгүй гэсэн сонголтын тийм дээр нь дарахад карт буцаж гарч ирнэ” гэх утга бүхий пост түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

ATM-д залгиулсан карт цаашаа нууцлалтай хайрцаг руу ордог бөгөөд ямар нэг товчлуур дарснаар буцаж гарч ирэх боломжгүй

2023 оны долоодугаар сарын 31-ний өдөр “Эрүүл Монгол хүн” гэх хаягаас “АТМ-д картаа залгиулсан үед тэр дор нь авах арга” гэсэн гарчигтай “Та картаа залгиулсны дараа “Cancel” товч дээр дарах хэрэгтэй. Нэлээн удаан дарах ёстой тул тэвчээртэй байхыг сануулъя. Ойролцоогоор 2-3 минут дарсны дараа машинаас хачин чимээ гарч, дэлгэцэн дээр Тийм болон үгүй гэх сонголт гарч ирэх аж. Та “cancel” товч дээрээс гараа салгалгүйгээр, нөгөө гараараа дэлгэцэн дээр гарч ирсэн тийм гэсэн сонголтыг хийснээр, таны карт буцаад гараад ирэх болно.” хэмээн нийтэлсэн нь 2024 оны гуравдугаар сарын 25-ны өдөр хүртэл шэйрлэгдсээр нийт 343 реакц, 18 сэтгэгдэл авч, 12 мянга гаруй удаа цааш түгээгджээ.

Бид Голомт банкны бүртгэл, тооцооны газартай холбогдон энэ талаар тодруулга авлаа. Тэрбээр “Cancel буюу цуцлах товчлуур нь зөвхөн хийж байгаа үйлдлээ цуцлах үүрэгтэй бөгөөд ямар нэг үйлдэл хийхгүйгээр картаа буцааж авахад ашиглагдана. ATM олон удаа буруу пин код хийх, карт дээрх чип гэмтсэн, сэжигтэй гүйлгээ зэргээс шалтгаалж таны картыг залгих боломжтой. Эдгээр тохиолдлоор залгиулсан карт цаашаа нууцлалтай хайрцаг руу ордог бөгөөд ямар нэг товчлуур дарснаар буцааж гаргаж ирэх боломжгүй юм. Бусад банкны ATM-ууд мөн ижил ажиллагаатай байдаг ба хэрэв та картаа залгиулсан бол яаралтай банктайгаа холбогдож мэдэгдэнэ үү” хэмээн зөвлөлөө.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document