Өндөр хүчдэлтэй цахилгаан гүйдлийг Bluetooth чихэвч дамжуулж, үхэлд хүргэнэ гэх мэдээлэл худал

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #915

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Bluetooth чихэвч зүүснээр кабелийн цахилгаан дамжиж тогонд цохиулна гэх агуулга бүхий мэдээллийг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Bluetooth технологи нь богино зайн радио долгион дээр суурилан ажилладаг учир цахилгааныг татах эсвэл үүсгэх чадваргүй.

2024 оны гуравдугаар сарын 25-ны өдөр “Хариуцлага нэхье” гэх хуудсаас “Сэрэмжлүүлэг: Bluetooth чихэвчийг төмөр замын буудлууд, өндөр хүчдэлтэй цахилгаан байгууламж, кабелийн ойролцоо ашиглахаас зайлсхий! Кабелийн цахилгаан гүйдэл тархинд шууд цохиулж,хурдан үхэлд хүргэдэг” гэх пост оруулсан нь нийт 56 реакц авч, 122 удаа цааш түгээгджээ.

Шалгаж буй мэдээлэлтэй холбоотой агуулгыг Монголын Баримт шалгах төвөөс шалгасан бөгөөд 2023 оны нэгдүгээр сарын 13-нд “Bluetooth нь радио долгионы технологи бөгөөд цахилгааны өөртөө татах, эсвэл үүсгэх чадваргүй“ хэмээн тайлагнасан.

AFP мэдээллийн агентлагийн 2023 оны нэгдүгээр сарын 19-нд нийтлэгдсэн баримт шалгалтын тайланд:

Германд төвтэй Ионжуулагч бус цацрагаас хамгаалах олон улсын комиссын (ICNIRP- International Commission on Non-Ionizing Radiation Protection) дарга Родни Крофт  Bluetooth-ээр дамжуулж цахилгаанд цохиулсан гэх мэдэгдлийг үгүйсгэсэн бөгөөд “Bluetooth болон цахилгаан гүйдэл нь хувьсдаггүй хоёр өөр давтамж дээр ажилладаг” хэмээн хэлжээ.

Bluetooth технологи нь богино зайн радио долгион дээр тулгуурладаг бөгөөд электрон төхөөрөмжүүдийн хооронд кабель, утасгүйгээр харилцах боломжийг олгодог технологи юм. Bluetooth технологитой ямар ч төхөөрөмж тодорхой зайд хоорондоо холбогдох боломжтой.

Шалгаж буй мэдээлэлд өндөр хүчдэлтэй цахилгаан кабелийн дэргэд  Bluetooth чихэвч зүүж явснаар цахилгаан гүйдэлд цохиулна гэж дурдсан ч Bluetooth технологи нь ямар нэг утас, кабельгүйгээр богино зайн радио долгион дээр суурилан ажилладаг учир кабелийн дэргэд bluetooth чихэвч ашигласнаар цахилгаанд цохиулах боломжгүй юм.

Радио долгионыг ямар нэгэн кабель утасгүйгээр дуут мессеж, харилцаа холбоо болон усан онгоц, нисэх онгоцны навигацид ашигладаг. Радио долгион нь цахилгаан соронзон спектрийн хамгийн бага давтамжтай долгион болохыг доорх зургаас харах боломжтой.

Эх сурвалж: Encyclopædia Britannica, Inc.

Радио долгион нь мод, тоосго, бетон зэрэг цахилгаан гүйдэл дамжуулах материалыг нэвтэрч чаддаг бол ус, металл гэх мэт цахилгаан дамжуулагч материалыг нэвтэрч чаддаггүй.

АНУ-ын хүнс, эмийн агентлагийн албан ёсны вэбсайтад дурдсанаар цахилгаан соронзон долгионуудыг “ионжуулагч болон ионжуулагч бус” (ionizing radiation & non-ionizing radiation) хэмээн ангилдаг бөгөөд wi-fi, утас, Bluetooth, fm радио зэрэг нь ионжуулагч бус бага давтамжтай долгиондоо ордог. Ионжуулагч бус долгион нь атомоос электроныг салгах аль эсвэл химийн холбоог таслах хангалттай энерги байдаггүй.

Ионжилт (ionization) гэж юу вэ? – Ионжилт гэдэг нь хими, физикийн шинжлэх ухаанд цахилгаан саармаг атом эсвэл молекул электрон олж авах, алдах замаар цахилгаан цэнэгтэй атом эсвэл молекул (ион) болж хувирах үйл явц юм.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document