2024 оны гуравдугаар сарын 27-ны өдөр ASU.mn гэх нэртэй фейсбүүк хуудсаас “ДУУ ХӨГЖИМ, ТЕХНОЛОГИ, УРАН ЗОХИОЛЫН хичээлүүдийг сургалтын хөтөлбөрөөс хасжээ” хэмээн мэдээлжээ. Уг мэдээлэл нь 50 реакц, 36 сэтгэгдэл авч, 6 удаа цааш түгээгджээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Уг мэдээллийн гарчигт “…хасжээ” гэсэн боловч ороод уншихад “Ирэх хичээлийн жил буюу 2024 оны есдүгээр сарын 1-нээс сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн хөтөлбөрт өөрчлөлт оруулж, зарим хичээлийг хасахаар төлөвлөж буй талаар салбарын сайд мэдээлсэн. Тэгвэл энэ төслийн хүрээнд ДУУ ХӨГЖИМ, ТЕХНОЛОГИ, УРАН ЗОХИОЛЫН хичээлүүдийг сургалтын хөтөлбөрөөс хасах талаар яригдаж буй аж” гэсэн байна.
Энэ нь олон нийтийг төөрөгдүүлсэн тул дараах тодруулгыг авлаа.
Бид Боловсрол, шинжлэх ухааны яамтай холбогдон энэ талаар тодруулга авахад “БШУ-ы яамнаас ЕБС-ийн сургалтын хөтөлбөрөөс дуу хөгжим, технологи, уран зохиол гэсэн 3 хичээлийг хасна гэсэн шийдвэр гараагүй” хэмээн хариуллаа.
Мөн 03 дугаар сарын 28-ны 10:13 цагт БШУ-ы сайд Л.Энх-Амгалан өөрийн хаягаар мэдэгдэл гаргаж, дээрх агуулгатай ижил мэдээллийг няцаажээ.

Мэдэгдэлд дээрх гурван хичээлийг хассан тухай мэдээлэлдээ залруулга гаргахыг шаардсан байна.
Иймд БШУЯ-аас албан ёсны шийдвэр гартал ташаа мэдээлэлд хууртахгүй байхыг зөвлөе.