2024 оны гуравдугаар сарын 24-ны өдөр Nomin Nomio гэх хаягаас “Цэрэг армийн мэдээ мэдээлэл” гэх группь “Алан хядагчид бүгд Украины цэргүүд Украины иргэншил авсан нөхдүүд байгаа” гэх тайлбартайгаар цэргүүдийн зураг болон Украин иргэншилтэй хүний гадаад пасспортын зургийг хавсарган мэдээллийг түгээсэн байна. Мөн Zorigtbaatar Nergui Borjigon болон Munkhbat Muugii гэх хаягаас алан хядагчид нь Украины хөлсний цэргүүд, америкаас санхүүжилт авч байгаа гэх агуулгыг ижил зурагтай хамт түгээсэн байна.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Шалгаж буй мэдээлэлд Рустам Ажиев гэх Украин иргэншилтэй хүний гадаад пасспортын зургийг хавсаргасан байна. Оросын төрийн өмчит ТАСС мэдээллийн агентлагийн сайтад “Халдлага үйлдсэн 4 хүн болох Далержон Мирзоев, Саидакрами Рачабализоду, Шамсидин Фаридуни, Мухаммадсобир Файзов шүүхээс нарыг баривчилжээ” гэх мэдээллийг хүргэсэн. Мөн The Moscow Times мэдээллийн сайтад “Халдлага үйлдсэн гэх 4 сэжигтэн Бүгд Найрамдах Тажикстан улсын иргэд байсан хэмээн Оросын төрийн мэдээллийн хэрэгслүүд мэдээлсэн” хэмээн бичжээ. Олон улсын мэдээллийн сайтуудын дурдсан халдлага үйлдсэн хүмүүсийн нэрс дунд Рустам Ажиев гэх нэртэй хүн байхгүй ба шалгасан мэдээлэлд зургийг нь ашигласан Далержон Мирзоев өөрийгөө Тажикстан улсын иргэн хэмээн мэдэгдсэн болохыг ТАСС мэдээлсэн байна. Иймд шалгаж буй мэдээлэлд хавсаргасан гадаад паспортын зураг дээрх хүн Москва хотод болсон халдлагад хамааралгүй юм.
Шалгаж буй мэдээлэлд хавсаргасан 2 дахь зураг болох цэргүүдийн зургийг Google lens хайлтын системээр хайхад тухайн зураг нь ABN Correspondence (abn.org.ua) сайтад 2024 оны гуравдугаар сарын 14-ны өдөр “Чечений Бүгд Найрамдах Ичкерийн зэвсэгт хүчин Оросын нутаг дэвсгэрт нэвтэрчээ. Кавказ руу явах замдаа” гэх тайлбартайгаар нийтлэгдсэн бичлэгийн хэсэг ажээ. Тус зураг дахь сахалтай цэрэг нь Орос-Украины дайнд Украины талд тулалдаж буй Чечений отрядын командлагч Рустам Магомедович Ажиев болохыг түүний талаар мэдээлж байсан өмнөх мэдээллээс харж болно.

Москва хотод болсон халдлагын талаарх товч мэдээлэл
2024 оны гуравдугаар сарын 22-нд Москва хотын Крокус Сити Холлд болсон халдлагын үеэр нийт 139 хүн амь насаа алдсан гэх тоог ОХУ-ын Мөрдөн байцаах хорооноос өгсөн бол Москва мужийн Эрүүл мэндийн яамнаас 182 хүн шархадсан хэмээн мэдэгдсэн тухай ТАСС мэдээлсэн байна. Москвагийн Басманный шүүх гуравдугаар сарын 25-нд халдлага үйлдсэн гэх 32 настай Далержон Мирзоев, 30 настай Саидакрами Рачабализода, 19 настай Мухаммедсобир Файзов, 25 настай Шамсидин Фаридуни нарыг баривчилсан байна. Дараагаар нь тэдний хамсаатан байсан 3 этгээдийг баривчилсан хэмээн TAСС агентлагийн сайтад мэдээлжээ.