Жинхэнэ хаягийг URL линкээр нь ялгаж таних боломжтой

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #909

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Д.Мөнх-Эрдэнэ сайн уу гэж сэтгэгдэл бичсэн хүмүүст 200 мянган төгрөг өгнө гэх мэдээллийг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Олны танил хүмүүсийн зураг бичлэгийг ашиглаж бусдыг хуурах тохиолдол их учир та сэрэмжтэй байж тухайн хаяг жинхэнэ эсэх, оруулж буй линкүүд нь нэр хаягтайгаа таарч байгаа эсэхийг нягтлаарай.

2024 оны гуравдугаар сарын 24-ны өдөр Davagiin- Munnkh-Eredene гэх хуудаснаас 6 цаг 10 минутын урттай live бичлэгийг “Би та бүхнийг ерөөе!! (Сайн уу) гэж хэлсэн эхний 300 хүнд би 200,000₮ өгч, би жинхэнэ, Одооноос эхлэн.️ @pengikut” гэх тайлбартайгаар түгээжээ. Тус бичлэгийг нийт 66 мянга гаруй хэрэглэгч үзэж, 588 реакц, 2,900 гаруй сэтгэгдэл авч, 3,300 удаа цааш түгээжээ.  

Хаяг шалгах нь  

Шалгаж буй мэдээллийг түгээсэн хуудас нь 2023 оны 9 дүгээр сарын 1-ны өдөр “𝓂𝓊𝓈𝓉𝒶𝒻𝒶 𝒶𝑔𝒽𝒶 𝓁𝒾𝓋𝑒,” гэх нэртэйгээр нээгдэж, түүнээс хойш 2 удаа нэрээ сольсон байна. 2024 оны нэгдүгээр сарын 1-ны өдөр “Төгөлдөр -Эмч”, хамгийн сүүлд 2024 оны гуравдугаар сарын 4-ны өдөр “Davagiin- Munnkh-Eredene” гэж нэрээ сольжээ. Хуудасныхаа танилцуулга хэсгийг огт бөглөөгүй, нүүр зураг оруулаагүй, 2 live бичлэгээс өөр зураг, бичлэг оруулаагүй. Д.Мөнх-Эрдэнийн албан ёсны хуудас болох “Munkh-Erdene” нь 311 мянган дагагчтай бол тус хуурамч хуудас нь одоогоор 1 мянган дагагчтай байна.  

Шалгаж буй бичлэгийн эх хувилбар нь 1 цаг 2 минутын урттай бөгөөд 2022 оны 7 дугаар сарын 24-нд Д.Мөнх-Эрдэнийн албан ёсны хуудаст “Оройн мэндээ👋…” гэх тайлбартайгаар нийтлэгдсэн. 

Шалгаж буй бичлэгийн сэтгэгдэл хэсэгт “Анхааруулга! Миний лайв нэвтрүүлгийг фэйсбүүкийн 20-35 группт хуваалцсан хүнд би шагнал гардуулах болно! Одоо үүнийг хийх! @pengikut”, “та надаас 200,000₮ бэлэг авах болно! Та бэлэг авахад бэлэн үү?…Тийм бол “Би байна!!”, “Та азтай хүн ОДОО БҮРТГҮҮЛЭЭРЭЙ //redr.me…” зэрэг сэтгэгдэл бичсэн нь утга зүйн алдаатай байгаа нь хуурамч хаяг гэдгийг илэрхийлж байна.  

Сэтгэгдэл хэсэгт оруулсан линкээр дамжин ороод “Одоо бүртгүүл” гэх товчин дээр дарахад “Интернэтээр мөнгө олох боломжтой эсэхээ мэдэх үнэгүй тест” гэх бичигтэй гаднын сайт руу шилжлээ.  

Олны танил хүмүүсийн албан ёсны хаягийг шалгахдаа эхлээд тус хаяг танилцуулга хэсгээ бөглөсөн эсэх, хуудас нь хэзээ нээгдсэн, өөр мэдээлэл, постууд оруулсан эсэхийг шалгана. 

Мөн URL линк буюу фэйсбүүкийн линкийг нь хараарай:

Жинхэнэ хаягийн URL нь https://www.facebook.com/DavaagiinMunkhErdene гэж нэрээрээ нэрлэсэн байгаа бол хуурамч хаягийн URL нь https://www.facebook.com/profile.php?id=61550593965879 гэсэн кодтой байна.

Шалгаж буй мэдээлэл нь албан ёсны бус сайт руу орохыг олон дахин давтан уриалж байгаа нь нэгэн төрлийн халдлага байх боломжтой бөгөөд мэдээллийг түгээсэн хаяг яг ижил тайлбартайгаар удаан хугацааны live-ийг 2 удаа байршуулсан нь хандалтаа ихэсгэх зорилготойг харуулж байна. Олны танил хүмүүсийн зураг бичлэгийг ашиглаж бусдыг хуурах тохиолдол их учир та сэрэмжтэй байж тухайн хаяг жинхэнэ эсэх, оруулж буй линкүүд нь нэр хаягтайгаа таарч байгаа эсэхийг нягтлаарай. 

 


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document