2024 оны гуравдугаар сарын 23-ны өдөр Suren Suugii гэх хаягаас “Халамж ба хүүхдийн мөнгө” гэх бүлгэмд “Хүүхдийн данс нээх хувьцааны дансаа нээлгээрэй” гэх тайлбартайгаар 1072 хувьцааны ноогдол ашиг 256 мянган төгрөгийг ирэх даваа гарагаас олгоно гэх зурагтай хамт нийтэлсэн нь нийт 233 реакц, 60 сэтгэгдэл авч, 18 удаа цааш хуваалцсан байна.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
“Эрдэнэс Тавантолгойн” ХК-ийн 1072 хувьцааны ноогдол ашиг авахын тулд хүүхдүүддээ шинээр данс нээлгэх тухай ЭТТ хэвлэлийн албаас лавлахад “Шинээр данс нээлгэх шаардлагагүй, хүүхдийн мөнгө олгодог дансанд нь орно. Харин хэдэн ширхэг хувьцаатайгаа “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв”-ийн сайтаас харах боломжтой” гэх мэдээллийг өглөө.
Хаяг шалгах нь
Suren Suugii гэх хаяг нь нүүр зурагтаа өөрийн зургийг бус интернэтэд түгээмэл байдаг зургийг оруулсан, танилцуулга хэсгээ огт бөглөөгүй бөгөөд 8 найзтай байна. Мөн олон нийтэд нээлттэй пост зургийг огт оруулаагүй. Аль байгууллагыг төлөөж байгаа, данс нээх эрх бүхий ажилтан эсэх нь тодорхойгүй байна.
1072 хувьцааны ноогдол ашиг олгохтой холбоотой данс нээх, өөрийн хувьцааны мэдээллээ шалгаарай гэх мэдээллүүд олширч байна. Батлагдаагүй эх сурвалжаас тархсан хувь хүн данс нээнэ гэх мэдээллүүд нь ихэвчлэн хандалт авах, эсвэл таны хувийн мэдээллийг авах зорилготой байдаг. Иймд өөрийн хувийн мэдээллийг интернэтээр данс нээж өгнө гэсэн албан бус, хувь хүнд өөрийн мэдээллийг өгөхөөс сэргийлээрэй.
Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн албан ёсны сайтад үнэт цаасны данс нээлгэх тухай “Хэрэв Та /иргэн, ААН/ төвлөрсөн хадгаламжид данс нээлгээгүй бол Монголын Хөрөнгийн Биржийн гишүүн Үнэт Цаасны Компаниудаас өөрийн хүсэлтээр сонголтоо хийж, хэд хэдэн Үнэт Цаасны Компаниас данс нээлгэж үйлчилгээ авч болно” хэмээн мэдээлжээ.