Ковид-19-ийн эсрэг вакцинд графен агуулагддаг гэх мэдээлэл худал  

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #907

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Ковидын вакцинд хүний эрүүл мэндэд хортой графен гэх материал агуулагддаг гэх мэдээллийг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Коронавирусын эсрэг вакцины найрлагад графен ороогүй харин вакциныг тестлэх явцад дээжийг микроскопоор тогтвортой байрлуулахын тулд графены ислийн торыг ашигладаг байна.

2024 оны гуравдугаар сарын 14-ны өдөр Handaa Byamba гэх хаягаас “Ковидын вакцинд ордог ч огт ярьдаггүй сэдэв бол графен оксид” гэх тексттэй богино хэмжээний бичлэгийг нийтэлсэн нь нийт 620 реакц, 202 сэтгэгдэл авч, 514 удаа цааш түгээгдсэн байна. Тус бичлэгт хүний зүрхний хэсгийг харуулж, зүрх цохилж байх үед хар өнгийн материал бүрхэн авч буй мэт дүрслэл үзүүлжээ.  

Шалгаж буй мэдээллийг түгээсэн хэрэглэгч Европын Холбооны хууль тогтоох байгууллагуудын нэг Европын парламентын албан ёсны сайтыг сэтгэгдэл хэсэгтээ хавсарган эх сурвалж хэмээн дурдсан байна.

Мөн тус хаягаас гуравдугаар сарын 18-ны өдөр “Гэнэтийн үхлийн шалтгаан болж байгаа вакцины найрлагад ордог ч огт хөнддөггүй графен оксидын талаарх мэдээллийг монголчууддаа орчуулсан Gunjmaa Mongolia -д талархая.

Graphene is an extremely electrically form of elemental carbon. . . Dr. Ricardo Delgado Martin, Dr. Pablo Campra нарын саяхан хийсэн “Ковидын вакцинууд дахь графеныг, micro-Raman spectroscopy буюу цахилгаан соронзон орны хэлбэлзлийн хэмжээг тогтоох аргачлалаар судлах нь” сэдэвтэй туршилтаар COVID-19-ын вакцинууд графен буюу нүүрс хүчлийн хамгийн хүчтэй цахилгаан соронзон элементийг агуулсан болохыг батлав. 2018 онд хийсэн CORDIS-ын туршилтаар, судалгааны багийнхан graphene нь 300-3000 GHz-ын цахилгаан долгионыг хүлээж аваад, буцааж цацах чадвартай бөгөөд 1 секундэнд хэдэн их наядаар цахилгааны долгионыг эргэлдүүлэх чадвартай болохыг тогтоосон. Цагны хөдөлгөөн нь GHz-аар хэмжигддэг ба 1GHz нь секундэнд 1,000 сая эргэлттэй тэнцдэг учраас бид өнөөдөр силикон суурьтай цахилгаан нэгдлүүдийг цаганд ашигладаг. Эрдэмтдийн туршилтаар, графен нь GHz-тай цахилгаан соронзон дохиог хүлээж аваад, буцаагаад силикон суурьтай цахилгаан соронзон долгионуудаас хэдэн мянга дахин хүчтэй долгионыг гаргах хүчин чадалтай гэдэг нь давхар батлагдсан. Энэ чадвараараа, КОВИДЫН вакцинуудад орсон графен нь радио идэвхт долгионыг өөртөө шингээж авна. Энэ нь хүний эрүүл мэндэд маш их хор нөлөөтэйн дээр хүчтэй хордуулах чадвартай..” гэх постыг оруулсан нь мэдээллийг авсан эх сурвалжаа орчуулан хүргэж, өмнөх бичлэгээ тайлбарлажээ.

Мэдээлэл түгээсэн хэрэглэгчийн дурдсан эх сурвалжийг шалгахад 2022 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр Европын парламентын гишүүн Италийн улс төрч Сержио Берлато “Саяхан хийгдсэн ковидын вакцинаас графен илэрсэн гэх судалгааны хүрээнд ковидын вакцинд графен байгаа эсэхийг шалгахын тулд Комисс бие даасан лаборатори гаргаж нарийн шинжилгээ хийлгэхээр төлөвлөж байна уу?” гэх асуултыг хөндсөн. Уг асуултад Эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлыг хариуцсан комиссар Стелла Кириакидес Европын комиссыг төлөөлөн ковидын эсрэг вакцинд графен агуулагдаагүй болохыг тайлбарлан дараах хариултыг мэдэгджээ:

“Европын Холбоонд эмийн чанар, аюулгүй байдал, үр нөлөөг үнэлж, хэрэглэхтэй холбоотой ашиг, эрсдэлийн эерэг тэнцэл гарсны дараа л эмийн маркетингийн зөвшөөрлийг олгодог. COVID-19 вакцины зөвшөөрлийн хувьд үнэлгээг Европын эмийн агентлаг (EMA) хийдэг. EMA нь COVID-19 вакцины хуруу шилэнд хийсэн хэд хэдэн шинжилгээнээс графен байгааг харуулсан гэх тайланд дүн шинжилгээ хийсэн бөгөөд одоогийн байгаа мэдээллээр холбогдох вакцинуудад графен агуулагдаагүй гэж дүгнэсэн… Графены ислийг COVID-19 вакцин болон бусад эм үйлдвэрлэлт, боловсруулалтад ашигладаггүй тул үйлдвэрлэлийн байгууламжид байхгүй бөгөөд вакцинд орсон гэх нь тодорхойгүй юм. Багц бүрийг гаргахаас өмнө чанарын бүх стандартыг хангасан болохыг вакцин үйлдвэрлэгчид, Европын эмийн чанарын алба болон бие даасан үндэсний шинжилгээний лабораториуд чанарын хяналтын туршилт, чанарын баталгааны хяналт зэргээр баталж байдаг. Цаасан дээр дурдсан багцын талаар ямар ч гомдол ирээгүй. Тиймээс вакцинд графен эсвэл графены дайвар бүтээгдэхүүн байх боломжгүй. Комисс болон EMA нэмэлт арга хэмжээ авах шаардлагагүй гэж үзэж байна.”  гэх хариултыг өгсөн байна.

Эх сурвалж: Европын Парламентын албан ёсны сайт. Шалгаж буй мэдээллийг түгээсэн хэрэглэгчийн иш татсан эх сурвалж. Дээрх зургаас харвал эх сурвалж бус парламентын гишүүний хөндсөн асуултыг харж болох юм.

Эх сурвалж: Европын Парламентын албан ёсны сайт. Шалгаж буй мэдээллийг түгээсэн хэрэглэгчийн иш татсан эх сурвалж. Дээрх зургаас парламентын гишүүний хөндсөн асуултыг харж болох юм.

Эх сурвалж: Европын Парламентын албан ёсны сайт.  Парламентын гишүүний хөндсөн асуултад Европын комиссыг төлөөлөн тайлбарласан зураг.

Reuters агентлаг, AP News, USAtoday мэдээллийн сайтууд болон Олон улсын баримт шалгах сүлжээний гишүүн HealthFeedback баримт шалгах төв уг мэдээллийг шалгаж тайлагнажээ.

Тухайлбал Reuters агентлаг тус мэдээлэлд хэд хэдэн удаа баримт шалгалт хийсэн бөгөөд 2023 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдөр нийтэлсэн баримт шалгалтадаа:

“Pfizer COVID-19 вакцин нь графены исэл агуулаагүй. Энэхүү баримт бичигт (вакцинд графен орсон гэх мэдээлэлд) SARS-CoV-2 баяжуулалтын уургийн дээжийг криоген-электрон микроскопын судалгаанд байрлуулахад торон графены ислийг ашигласан тухай дурдсан” хэмээжээ.

AP News агентлагийн мэдээлснээр Мэрилэндийн Их Сургуулийн Анагаах Ухааны Сургуулийн Вакцины Хөгжлийн Төвийн судлаач, хүүхдийн халдварт өвчний мэргэжилтэн, доктор Мэттью Лауренс “Графены ислийг зөвхөн вакцины бүтцийг судлахад ашигласан. Энэ бол найрлага биш” хэмээн хэлжээ.

Мөн HealthFeedback баримт шалгах төвийн дээрх дүгнэлтийг батлан 2023 оны долоодугаар сарын 15-ны өдөр гаргасан тайландаа:

“Pfizer-аас гаргасан баримт бичигт графены исэл нь түүний мРНХ-ийн COVID-19 вакцины бүрэлдэхүүн хэсэг гэдгийг заагаагүй байна. Харин вакцины баяжуулалтын уургийн бүтцийг үнэлэхэд ашигладаг микроскопын судалгааг тайлбарлажээ. Тус техник нь дээжийг микроскопоор тогтвортой байрлуулахын тулд графены ислийн торыг ашигладаг. Энэхүү баримт бичигт вакциныг үйлдвэрлэх явцад графены ислийг ашиглах талаар дурдаагүй бөгөөд вакцины найдвартай бүрэлдэхүүн хэсгүүдийн жагсаалтад графены ислийг орц найрлага болгон харуулаагүй болно” гэж дүгнэсэн байна.

Эрүүл мэндийн мэргэжлийн байгууллагууд болон мэргэжилтнүүд коронавирусын эсрэг вакцинд графен бодис агуулагддаггүй болохыг батлан тайлбарласан ба бидний шалгасан мэдээлэл дурдсан графены тухай мэдээлэл нь батлагдаагүй, худал мэдээлэл юм.

Нэмэлт мэдээлэл

Европын Холбооны санаачилга бүхий “Graphene Flagship” нь графен болон бусад 2D материалд тулгуурласан технологид Европын стратегийн бие даасан байдлыг ахиулахаар ажиллаж буй хөтөлбөр юм. Тус хөтөлбөрийн албан ёсны вэбсайтад графен нь “нэг атомын зузаантай зургаан өнцөгт торлог хэлбэртэй нүүрстөрөгчийн атомын давхарга юм” гэж тэмдэглэжээ. Дэлхийн хамгийн нимгэн, хамгийн бат бөх, цахилгаан, дулаан дамжуулагч материал гэж тооцогддог. Энерги хуримтлуулах, материалыг бат бөх болгох, цахилгаан, дулаан дамжуулах гэх мэт зүйлст ашиглахад тохиромжтой. (батарей, компьютерын чип, антен, дэлгэц, электрон төхөөрөмжүүд гэх мэт)

Судлаачид графен болон графен ислийн хоруу чанарыг олон жилийн турш судалж байгаа бөгөөд эдгээр материалуудыг ашиглахад бүрэн аюулгүй гэж тогтоогоогүй байгаа ч зохих нөхцөлд ашиглах нь аюулгүй болохыг хэд хэдэн судалгаагаар харуулжээ.

Тухайлбал 2016 онд Солонгосын эрдэмтдийн хийсэн “Sprague-Dawley харханд графен наноплателетын 28 хоногийн амьсгалын хоруу чанар” гэх туршилтаар харх 1,28 болон 90 хоног графенаар амьсгалсны дараагаар уушгины тодорхой эмгэг илрээгүй гэх үр дүн гарсан. Мөн 2018 онд Германы судлаачид уушгины 3D загвар ашиглан хийсэн туршилтаар уушгины хучуур эдийн эсүүд графений исэл (GO) эсвэл графений наноплателетууд (ҮНБ) -тэй харьцахад уушгинд цочмог гэмтэл учруулахгүй гэдгийг баталж чадсан.

Graphen Flagship хөтөлбөрийн тэргүүлэгч эрдэмтэд бусад байгууллагуудтай хамтран цөөн давхаргат графен болон графены исэл (GO) нь арьсанд үзүүлэх нөлөөллийг олж тогтоосон. Тэрээр графены хэт өндөр концентрацид удаан хугацаагаар арьсаараа хүрэх нь арьсны мембраны эвдрэлд хүргэдгийг тогтоожээ. Өөр нэг судалгаагаар графен орсон материал бэлдэх явцад гуужуулагч ашиглах нь графен давхаргатай материал арьсыг цочроодоггүй болохыг харуулжээ.

Италийн Трейсте их сургууль, Шведийн Каролинска институт, Кастилья-Ла Манчагийн их сургууль болон Испанийн CIC BiomaGUNE-ийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар графины нөлөө нь моноцит (цусанд эргэлдэж, хүний биеийн үрэвслийн хариу урвалын гол хэсгийг бүрдүүлдэг) эсийг идэвхжүүлдэггүй болохыг харуулсан. Гэвч арьсны үрэвсэл нь нарийн төвөгтэй үйл явц учир цаашид дэлгэрэнгүй судалгаанууд хийх шаардлагатай гэж онцолжээ.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document