Москвад болсон халдлагын танхимд 2022 онд сургуулилт хийж байсан гэх бичлэг өөр хотод болсон жүжгийн хэсэг

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #906

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Террорист халдлага болсон Москва хотын Крокус Сити Холлын танхимд 2022 онд сургуулилт болж байсан гэх бичлэгийг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Бичлэгт гарч буй үйл явдал нь террорист халдлагын сургуулилт биш 2022 онд Калуга хотод тоглогдсон жүжгийн нэг хэсэг юм.

Москва хотын Крокус Сити Холлд болсон өнгөрсөн тав дахь өдөр болсон террорист халдлагын үйл явдалтай холбогдуулан халдлага болсон танхимд 2022 онд террорист халдлагын бэлтгэл сургуулилт болж байсан гэх агуулгатай бичлэгийг ᠠᠵᠠᠵᠢᠷᠭᠠᠯ ᠮᠤᠩᠭᠣᠯᠵᠢᠨ (Азжаргал Монголжин) гэх хаяг түгээжээ. Бичлэгт буу агссан цэргүүд эрэгтэй, эмэгтэй хоёр хүн барьцаалан тайзан дээр гаран эрэгтэй баг өмсгөн, эмэгтэйг буудаж буй үйл явдал гарах ба үүнийг Москва дахь Крокус Сити Холлд болсон сургуулилт хэмээн “2 жилийн өмнө 2022 онд уг халдлага болсон танхимд яг ийм сургуулилт хийж байсан байх юм… Сонин л юм…” тайлбарласан байна.

Дээрх бичлэг нь Москвад болсон үйл явдал биш харин ойролцоох Калуга хотод 2022 онд болсон үйл явдлын бичлэг юм.

Бид бичлэгийн хэсгийг Google хайлтын системд зургаар хайхад энэ үйл явдал нь 2022 оны 11 дүгээр сард Оросын Калуга хотод болж байсан тухай мэдээлж байсан илэрцүүд гарч ирсэн.

Бид бичлэгт гарсан үйл явдлын талаар Оросын хэвлэл мэдээлэлд мэдээлж байсан талаар хайхад 2022 оны 11 дүгээр сард хэд хэдэн вэбсайтууд (энд, энд бас энд) үйл явдлын талаар мэдээлж байсан байна. Тодруулбал энэ нь ямар нэг террорист халдлагын сургуулилт биш харин “Элдэг хүмүүс” (Вежливые люди) гэх жүжгийн нэг хэсэг бөгөөд жүжгийн үеэр Украины цэргүүд хүмүүсийг олзолж, буудаж байгаа тухай харуулдаг болохыг Калуга-Поиск мэдээллийн сайт тайлбарлаж байжээ.

Жүжгийг Калугагийн Филармонийн Нийгэмлэг зохион байгуулсан ба “2014 онд Донбасст болсон аймшигтай үйл явдлыг” харуулахыг зорьсон гэж тус мэдээллийн сайтад тайлбарлажээ. Мөн тус жүжиг нь Оросын төрөөс 10 сая рублийн дэмжлэг авч 12 хотоор аялан тоглох болсон тухай мэдээлж байсан байна. Жүжгийн үйл явдал нь хэтэрхий хүчирхийлэлтэй болон 2002 оны 10 дугаар сарын 23-нд Москва хотын Дубровка дүүрэгт болсон террорист халдлагын 20 жилийн ой жүжгийн аялан тоглолттой давхацсан нь тухайн үедээ олны дургуйцлийг хүргэж байсныг Оросын мэдээллийн вэбсайт Mash мэдээлж байжээ.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document