2024 оны гуравдугаар сарын 20-ны өдөр DMNN хуудаснаас “Украины Верхоная Радагийн гишүүд” гэх тайлбартайгаар 8 секундийн бичлэг нийтэлсэн нь нийт 9 реакц авч, 1100 гаруй хэрэглэгч үзсэн байна. Тус бичлэгт хурлын танхимд нэг хүн нөгөөдөө нууцаар юм өгч буй нь бичлэгт харагдах ба “Украины ерөнхийлөгч, парламентын гишүүд гээд хар тамхинд орцгоосон байна” гэж бичлэгт онцлон бичжээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Шалгаж буй бичлэгийн хэсгийг Google Lens хайлтын системээр хайхад хэд хэдэн илэрцээс он цагийн дарааллаар хамгийн эхэнд 2016 оны 07 сарын 15-нд Андрей Андреев гэх Youtube сувагт ”Дээд Рада дахь авлига: Ардын депутат Юрий Мирошниченко баригджээ” гэх тайлбартайгаар нийтлэгдсэн бичлэг илэрсэн. Тус бичлэг дээрх хүн нь Украины улс төрч Юрий Мирошниченко юм.
Үргэлжлүүлэн бичлэгийн тайлбар хэсэгт бичигдсэн агуулгаар хайхад Zaxid.Net гэх фейсбүүк хуудаст бичлэгийг яг ижил өдөр “Телеканал Новын 24-ийн оператор Ардын депутат Юрий Мирошниченког Дээд Радын танхимд мөнгө өгч байхад нь камераар бичжээ. Мирошниченкогийн нүүрний хувиралд анхаарлаа хандуулаарай” гэх тайлбартайгаар түгээсэн байна. Мөн RBC-Ukraine болон Маю Право зэрэг сайтуудад мөнгө өгч буй бичлэгийн талаар мэдээлж байжээ.
Украин дахь авлигын эсрэг хэвлэл мэдээллийн байгууллага First Truth&Transparency Committee сайтад 2016 оны 07 сарын 15-нд тус хэргийн талаарх мэдээлэл гарсан бөгөөд Юрий Мирошниченко санал хураалттай холбоотой авлига өгөөгүй гэдгээ хэлсэн байна. Тэрээр тус хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Би энэ мөнгөтэй ямар ч холбоогүй. Аваад хүргэж өгөөч гэсэн. Энэ бол санал өгөх мөнгө юм уу, тиймэрхүү зүйл биш… Депутатуудын авлига, хээл хахуулийн ул мөр байхгүй. Би тангараг өргөөд шүүх дээр ижил зүйл хэлж чадна.” хэмээн үйлдлээ тайлбарлажээ.
Мирошниченко ямар нэг хар тамхи дамжуулаагүй харин мөнгө дамжуулсныг тухайн үеийн Украины хэвлэл мэдээлэлд мэдээлж байсан ба 2016 онд болсон үйл явдлыг Украины улс төрчид хар тамхичид болох тухай баталгаагүй, хуурамч мэдээлэл тархаж байгаа үед түгээсэн байна.
Украины улс төрчид үүнд ерөнхийлөгч Зеленский, Киев хотын дарга Кличко зэрэг албан тушаалтнууд хар тамхи татдагаа хүлээн зөвшөөрсөн эсвэл хар тамхи татаж буй бичлэгт үлдсэн гэх хуурамч, эвлүүлэг бүхий бичлэгүүд түгж байсныг олон улсын баримт шалгах байгууллагууд нягтлан мэдээлж байсан (энд, энд ба энд) ба ийм төрлийн мэдээлэл Оросыг дэмжсэн байгууллага, хувь хүмүүсийн суртал ухуулга байх тохиолдол байдгийг мөн онцолж байсан байна.