2024 оны 3 дугаар сарын 18-нд Dr.Unuruu гэх хаягтай Фейсбүүк хэрэглэгч “Манай улс дэлхийд амиа хорлолтоороо 2-т байна.” хэмээн тайлбар тексстэй хурлын зураг бүхий мэдээллийг түгээжээ. Зурагт “амиа хорлож нас барсан тохиолдлын түвшин (100,000 хүнд ногдох амиа хорлосон хүний тоо)” гэх гарчигтай график харагдах ба энэ графикт Монгол улс 17.9 гэсэн тоотой хоёр жагсаж байгааг харуулжээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
2019 онд Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага 100,000 хүнд ногдох амиа хорлолтын тоо баримтыг гаргасан бөгөөд энэ тоо нь одоогийн байдлаар ДЭМБ дахь хамгийн сүүлийн үеийн тоо юм. Дараагийн шинэчлэлт 2024-2025 оны хооронд хийгдэнэ гэж мэдээлсэн гэж тус байгууллагын вэбсайтад мэдэгдсэн байна.
Дээрх график танилцуулгад ашигласан тоо нь ДЭМБ-аас танилцуулсан 2019 оны тоо байгаа бөгөөд бид дор дэлхийн хэмжээнд 100,000 хүнд ногдох амиа хорлолтын тоогоороо эхний 20-т жагссан улсуудыг харууллаа. Эндээс Өмнөд Солонгос 28.6 байгааг болон мөн ДЭМБ-ын статистикаас Япон 15.3, Австрали 12.5 гэсэн тоотой байгааг харж болно.
100,000 хүнд ногдох амиа хорлолтын тоогоороо тэргүүлж байгаа 20 улс
ДЭМБ-аас танилцуулсан тоон үзүүлэлтийг харвал Монгол улс дэлхийд 19-д, харин Ази тивдээ буюу Өмнөд Солонгос дараа хоёрт орж байна. Иймд Dr.Unuruu фейсбүүк хэрэглэгчийн түгээсэн мэдээлэл нь Монгол улс 100,000 хүнд ногдох амиа хорлолтын тоогоороо Ази тивдээ хоёрт орсон байсныг дэлхийд хоёрт орсон хэмээн төөрөгдүүлсэн шинж агуулжээ.
Монгол улс 100,000 хүнд ногдох эрэгтэйчүүдийн амиа хорлолтын тоо ДЭМБ-ын мэдээлснээр өндөр байгаа ба 2008 онд энэ тоо 39.8 байсан бол 2019 онд 30.7 болж буурсан байна. 2017 онд Монгол Улсын Ерөнхий Прокурорын Газраас хийсэн амиа хорлолтын шалтгааны талаарх судалгаанд 2012-2016 оны хооронд амиа хорлосон иргэдийн 84% нь эрчүүд байсан тухай тайлбарласан тухай ikon.mn мэдээлж байсан ба бид уг судалгааны тайлан, эх сурвалжийг энэ баримт шалгалтыг нийтлэгдэхэд олоогүй байна.