2024 оны гуравдугаар сарын 01-ны өдөр Altantuya Bajimaa хуудаснаас “Өдрийн мэнд, хэрэв та өчигдөр хөрөнгө оруулалт хийсэн бол дансаа шалгаарай. Коммент дээр +1 дарж мэдээлэл аваарай. Өнөөдөр эрч хүчээр дүүрэн угтаарай” гэх тайлбартайгаар дансны хуулганы зураг оруулжээ. Тус пост нь нийт 45 реакц 249 сэтгэгдэл авсан бөгөөд тухайн постыг бүүстлэсэн байна. Шалгаж буй мэдээллийг тайлбарт бичсэн текстийг фейсбүүкээс хайхад яг ижил зураг, тайлбартай өөр өөр хаягаас оруулсан олон постуудыг харах боломжтой. Иймд тус хуудсыг хуурамч байж болзошгүй гэж үзэн баримт шалгалт хийлээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Шалгаж буй хуудас нь 2024 оны нэгдүгээр сарын 09-нд нээгдсэн бөгөөд танилцуулга хэсэгтээ “үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулагч Бид хүмүүст хэрхэн онлайнаар мөнгө хийхийг заадаг” хэмээн бичсэн байна. Тус хуудас нь нийт 13 мянган дагагчтай бөгөөд зураг бичлэг идэвхтэй оруулдаг боловч эдгээр постууд дунд чат бичээд хөрөнгө оруулалт хийгээд мөнгө аваарай гэх агуулга бүхий постыг удаа дараа оруулжээ.
Бид дээрхтэй ижил агуулгатай, зар түгээдэг зурагтай хаягуудыг илрүүлсэн бөгөөд бид эдгээр хаягууд руу (энд, энд, энд бас энд) чат бичихэд мөн ижил автоматжуулсан хуурамч зар, мэдээлэл түгээдэг болох нь харагдсан.
Бид дээрх мэдээллийн жишээ болгон Altantuya Bajimaa гэх хаягийг онцлон жинхэнэ хүний хаягийг дуурайн зар түгээсэн байдалд дараах байдлаар баримт шалгалт хийлээ.
Үл хөдлөх хөрөнгө зуучлагч Алтантуяа өөрийн Coach Altantuya гэх хуудаснаасаа тус Altantuya Bajimaa хаягийг хуурамч болохыг мэдэгдэн тайлбар бичлэгийг нийтэлсэн.
Хоёр хуудсыг харьцуулан харвал Altantuya Bajimaa гэх хаяг нь жинхэнэ хаяг дээр орсон бичлэг зургийг хуулбарлан түгээдэг бөгөөд мөнгө олох арга заана гэх агуулга бүхий пост түгээн хувь чат бичихийг уриалдаг байна.
Шалгаж буй хуудас руу бид чат бичихэд “remax100trading.com гэх вэбсайтад бүртгүүлж 160 мянган төгрөг байршуулснаар нэг хоногийн дараа 800 мянган төгрөг болгон авах боломжтой” гэх хариу өгсөн.
Дээрх зургаас харахад Altantuya Bajimaa гэх нэртэй хуудаснаас явуулж байгаа ч мөнгө шилжүүлэх дансны мэдээлэл явуулахдаа эзэмшигчийн нэр нь Цогзолмаа гэж бичсэн нь тухайн хаягийн нэрээс зөрж байна. Мөн remax100trading.com вэбсайтад нэвтрэхэд нь үл хөдлөх хөрөнгө зуучлалын сайт биш крипто валют арилжааны сайт болохоо тайлбарласан ба монгол хэлээр алдаатай, тааруу утгатай бичсэн нь харагдана.
Үргэлжлүүлэн тус сайтын ерөнхий мэдээллийг WhoIS протоколоос хайхад remax100trading.com вэбсайт нь 2024 оны 2-р сарын 06-ны өдөр бүртгэгдсэн бөгөөд сайт эзэмшигч нь Малайз улсад байрлалтай хэмээн тэмдэглэгдсэн байна.
Бидний шалгасан Altantuya Bajimaa гэх хуурамч хаяг нь RE/MAX үл хөдлөх хөрөнгө зуучлалын компанийн Монгол дахь франчайз салбаруудын нэг RE/MAX 100%-ийн вэбсайтыг ажлуулдаг мэт ойлгогдохоор домэйн нэртэйгээс гадна үл хөдлөх хөрөнгө зуучлагчийн фейсбүүк хуудас мэтээр идэвхтэй пост оруулж хүмүүсийг мөнгө шилжүүлэхийг уриалж буй хуурамч хаяг байхаар байна. RE/MAX 100% салбар нь өөрийн тусдаа вэбсайтгүй бөгөөд remax.mn сайтаар дамжуулан Монгол дахь бүх remax үл хөдлөх хөрөнгө зуучлагч байгууллагуудын салбаруудыг харах боломжтой.