2024 оны 3 дугаар сарын 17-нд Makhbal Tsedendambaa гэх Фейсбүүк хэрэглэгч “Хятад-Орос хоёрын ялгааг дахиад нэг харчих. Хүнд хэцүү үед ОРОСУУД дандаа тусалдаг. Дорно талын хамаг хадланг Хятадууд хадаад аваад явчихсан байдаг! Гэтэл ОРОСУУД ...” хэмээн үргэлжлүүлэн “ОХУ манай Монгол улсад 8,500 тонн буудай хандивлажээ. Биднийг зовох үед мартдаггүй хүмүүс шүү. Муулуулан байж.” хэмээн ОХУ-аас илгээхээр болсон тусламжийн тухай мэдээлэл түгээжээ. Энэ пост 03 дугаар сарын 19-ний байдлаар 164 реакц, 37 сэтгэгдэл авч, 525 удаа цааш түгээгджээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Зудын хүндрэлийг даван туулахад Монгол Улсад ямар улсуудаас хандив, тусламж ирсэн бэ?
Зудын хүндрэлтэй холбоотой хэд хэдэн орон Монгол Улсад хандив, тусламж илгээх шийдвэр гаргасан. Үүнд ОХУ-ын засгийн газраас 03 дугаар сарын 14-нд зудын хүндрэлтэй холбоотой Монгол Улсад 8,500 тонн тэжээл илгээх шийдвэр гаргасан ба үүнтэй адил БНХАУ-аас Монгол Улсад хандив илгээхээр шийдвэрлэн БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюан 03 дугаар сарын 04-нд 200,000 ам.долларын тусламж үзүүлэхээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд мэдэгдэж байжээ. Цаашлаад Монгол Улсын Засгийн газрын албан ёсны вэбсайтаас зудын хүндрэлийг даван туулахад дараах улсуудаас хүмүүнлэгийн тусламж илгээх болсныг жагсаан харууллаа.
- 200,000 ам.доллар (АНУ-ын засгийн газар, Монголын улаан загалмай нийгэмлэгээр дамжуулсан тусламж. 2024-03-04)
- 700,000 ам.доллар (АНУ-ын засгийн газар, “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагаар дамжуулсан тусламж. 2024-03-04)
- 200,000 ам.доллар (БНХАУ-ын засгийн газар. 2024-03-04)
- 170,000 ам.доллар (БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ардын засгийн газар. 2024-03-04)
- 250,000 австрали доллар (Австрали улсын засгийн газар. 2024-03-05)
- 500,000 евро (Европын Холбоо. 2024-03-14)
- 8,500 тонн хүчит тэжээл (ОХУ-ын засгийн газар. 2024-03-18)

Дүгнээд хэлбэл, Монгол Улсад зудын хүндрэлд зориулсан хүмүүнлэгийн тусламжийг ОХУ, Европын Холбоо, АНУ, Австрали, БНХАУ болон БНХАУ-ын ӨМӨЗО-ы засгийн газрууд илгээжээ. Шалгасан мэдээлэлд ОХУ-аас хандивын тусламж ирсэн, харин БНХАУ-аас ямар ч тусламж ирээгүй мэтээр харьцуулж дүгнэн тусламжийг талаарх мэдээллийг орхигдуулжээ.