УИХ-ын дарга Занданшатарын дуулж буй бичлэгийг хиймэл оюун ухаанаар бүтээсэн

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #901

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

УИХ-ын дарга Г.Занданшатар “Монголын тал нутаг” дууг дуулж буй бичлэгийг түгээжээ. 

Баримт шалгалтын үр дүн

Тус бичлэгийн эх хувилбарт МУГЖ Г.Ариунбаатар “Монголын тал нутаг” дууг дуулсан ба хиймэл оюун ухаан ашиглан царайг нь сольсон байна. 

2024 оны гуравдугаар сарын 14-ний өдөр Алаг хорвоо гэх Фейсбүүк хуудаснаас “Ээ базардарь…Дарга маань. AI судлаачид байна уу энэ юу ч биш биз” гэх тайлбартайгаар УИХ-ын дарга Г.Занданшатарын дуулж буй 30 секундийн бичлэг түгэн өндөр хандалт аваад байна. Бичлэгт Занданшатар хар хослол өмсөн “Монголын тал нутаг” дууг Монгол улсын ардын жүжигчин А.Долгортой хамт дуулж буй харагдах ба тэрээр өөрөө дуулж буй мэтээр сонсогдоно.  Бичлэгийг мөн “Ганзоригийн Цэрэндорж” гэх хаяг болон “Ноогдол ашигаа нэхэж авах нь энэ бичигний хажууд байгаа цэнхэр follow дар”, “Шинэ соргог Мэдээ мэдээлэл” зэрэг хуудсуудаар түгжээ. 

Шалгаж буй бичлэгт улаан даашинзтай МУАЖ А.Долгор мөн дуулж байсан учир Youtube-ээс дуучин Долгорын бичлэгүүдийг хайхад бичлэгийн эх хувилбар 2017 онд нийтлэгдсэн болохыг тогтоосон. Тодруулбал “Монголын тал нутаг” дууг МУАЖ А.Долгор, МУГЖ Г.Ариунбаатар нар дуулжээ. 

Үүнээс харахад Г.Ариунбаатарын царайг Г.Занданшатарын царайгаар хиймэл оюун ухаан ашиглан сольсон байхаар харагдаж байгаа ба хувцас болон дуучдын арын хэсэг огт өөрчлөгдөөгүй зөвхөн царай, дуу хоолой өөрчлөгдсөн байгааг бичлэгийг харьцуулалтаас харж болно.

Сүүлийн үед зураг, видео дээрх хүний царайг солих хиймэл оюун ухааны технологи олон төрлөөр гарах болсон. Бид жишээ болгон MioCreate гэх хиймэл оюун ухааны программаар шалгаж буй бичлэгтэй адил Ариунбаатарын царайг нь сольж үзлээ.

Дээрх программыг ашиглахад эх бичлэгийг тухайн вэбсайтад суулган царайг нь солих хүний зургийг мөн оруулсны дараа царайг нь солих боломжтой юм. Түүнчлэн шалгаж буй бичлэгийн аудиог бусдын дуу хоолойг ашиглан өөр төрлийн аудио дээр дуу оруулах хэлбэрээр хиймэл оюун ухаан ашигласан байна. Тухайлбал ElevenLabs болон Vidnoz зэрэг хиймэл оюун ухаан ашиглан төрөл бүрээр өөрчлөх боломжтой байдаг.  

Жишээ нь дуу хоолой өөрчлөх, хуулбарлахад өргөн ашиглагддаг хиймэл оюун ухааны ElevenLabs программыг хэрхэн ашиглаж болох талаар дараах бичлэгт тайлбарласан байна. 

Дээрх зааварт тус программын хэрэглэгч өөрийн аудиог суулган текстийн дагуу эсвэл программд суулгасан хоолойны дагуу хувиргах боломжтой болохыг Terminator 2 киноны жишээгээр (бичлэгийн 04:03 дахь хэсэгт) харуулсан байна.  

Хэдийгээр бид чухам ямар программ ашиглан дуучин Ариунбаатарын царай, хоолойг өөрчилсөн болохыг тогтоогоогүй ч эх бичлэг болон өнөөгийн хиймэл оюун ухааны технологийн боломжийг харгалзвал шалгасан бичлэг нь хиймэл оюун ухаан ашиглан УИХ-ын дарга Занданшатар дуулж буй мэтээр бичлэгийг хувиргасан байхаар байна.  


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document