2024 оны гуравдугаар сарын 10-ны өдөр Болдбаяр Хатанбаатар гэх хаягаас ямар нэг тайлбаргүйгээр нийтэлсэн зурагт дуучин Лэди Гага болон уран бүтээлч Марина Абрамович нар хүний биеийн хэсгээс идэж, цус ууж буй мэтээр гарчээ. Тус мэдээлэлд огт тайлбар хийгээгүй нь хүмүүст төөрөгдөл үүсгэснийг сэтгэгдэл хэсэгт бичигдсэн “сатаны зоог” гэх зэрэг сэтгэгдлээс харж болох юм.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Шалгаж буй зургийг Google lens хайлтын системээр хайхад илэрцүүдийн эхэнд Олон улсын баримт шалгах сүлжээний гишүүн Lead Stories баримт шалгах төв тус зургийг шалгаж 2020 оны тавдугаар сарын 04-нд дараах байдлаар тайлбарлажээ.
Энэ зураг нь Нью Йоркийн Water Mill-д 2013 оны 7-р сарын 27-нд The Watermill төвөөс 20 дахь удаагаа зохион байгуулсан Watermill Center Summer Benefit арга хэмжээнд Лэди Гага Сербийн уран бүтээлч Марина Абрамовичтай хамт авхуулсан зураг юм. Мэргэжлийн гэрэл зургийн Getty Images агентлаг уг зургийг эзэмшдэг.
Мөн тус тайлбарт зургийн эх сурвалжийг хавсаргасан байна. Үргэлжлүүлэн тус арга хэмжээ болон зохион байгуулсан төвийн талаар судлахад The Watemill төв нь дэлхийн уран бүтээлчдийн нийгэмлэгт цаг хугацаа, орон зай, эрх чөлөөгөөр хангаж урам зориг өгөх зорилготой урлаг, хүмүүнлэгийн ухааны лаборатори юм. Шалгаж буй зураг нь уг төвөөс зохион байгуулсан 20 дахь удаагийн дуудлага худалдаа үзэсгэлэнгийн үеэрх зураг бөгөөд тус арга хэмжээ нь “Devil’s Heaven ” буюу “Чөтгөрийн диваажин” гэх агуулгатай байсан байна.
Уг арга хэмжээнээс Watermill төв уран бүтээлчдэд зориулсан “Artist Residency Program” буюу уран бүтээлчид тус төвд оршин суух хөтөлбөрт зориулсан 1.8 сая долларыг цуглуулсан тухай Patch media вэбсайтад мэдээлжээ. Хөтөлбөрт хамрагддаг уран бүтээлчид нээлттэй бэлтгэл сургуулилт, семинар, уран бүтээлчдийн яриагаар дамжуулан олон нийттэй бүтээлч үйл явцаа хуваалцдаг байна.
Шалгаж буй зурагт харагдаж буй дүр зураглалыг The Watermill төвийн албан ёсны сайтад нийтлэсэн бичлэгээс харвал тухайн арга хэмжээний агуулгад тохируулан урьдаас бэлдсэн тайзны тоглолт бөгөөд Лэди Гагагийн дэргэд байсан шингэн зүйлд орж хэвтсэн хүн амьсгалж байгааг харж болно.
Түүнчлэн энэ арга хэмжээний урлагийн үзүүлбэрийг ямар нэг амьд бус объект биш хүмүүс үзүүлэх тохиолдол их байдаг ба дуучин Гага энэ арга хэмжээнд оролцон үг хэлж байсныг бичлэгээс харж болохоор байна.