2024 оны гуравдугаар сарын 02-ны өдөр Гэр бүлийн радио 104.5 гэх хаягаас “Шөнийн ээлжид ажилладгаас болж эрэгтэй хүний тестостерон даавар унаж, бэлгийн дур хүсэл буурдаг” гэх утга бүхий бичлэгийг оруулжээ. Бичлэгт нэгэн залуугийн гэр бүлийн амьдралын түүх гэж ойлгогдохоор кэйс ярихдаа “оройны 21 цагаас үүрийн 5 цагийн хооронд тестостерон ялгардаг” гэсэн ба “тэр залуугийн тестотероны хэмжээ бүр өвөө нарын түвшинд очиж унасан байсан” гэх мэтээр ярьжээ. Тус бичлэг нь нийт 3200 гаруй реакц , 53 сэтгэгдэл авч, 788 удаа цааш түгээгджээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
“Шөнийн ээлжид ажилладаг хүмүүст Гипогонадалийн эрсдэл ихсэх нь” нэртэй, 2487 эрэгтэйгээс авсан судалгааны оролцогчдын 766 (30.8%) нь шөнийн ээлжид ажилладаг, үлдсэн нь өдрийн ээлжинд ажилладаг байжээ. Шөнийн ээлжинд ажилладаг 766 хүний 282 нь буюу 36.8 хувь нь шөнийн ээлжийн нойрны эмгэг (SWSD (Shift work sleep disorder))-тэй болсон байна. Тэдний тестостероны хэмжээ болон ADAM оноо нь бусдаасаа бага гарсан байна.

- Гипогонадаль – хүний бие хангалттай тестостерон болон бусад дааврыг ялгаруулж чадахгүй болох нөхцөл байдал
- ADAM оноо – тестостероны хэмжээ бага эсэхийг шалгадаг 10 асуулт бүхий тестийн оноо
- Цусны шинжилгээгээр тестостероны хэмжээг мэдэх боломжтой бөгөөд Америкийн Урологийн Холбоо насанд хүрсэн эрэгтэй хүний цусанд агуулагдах тестостероны хэвийн хэмжээ нь 300-1000 нанограм/децилитрийн хооронд байдаг хэмээжээ.
Эсрэгээрээ, тестостерон багатай бүлэгт мөн судалгаа хийсэн байна. АНУ-ын 60-аас дээш насны, тестостероны хэмжээ багатай 308 хүнийг хоёр бүлэгт ангилж нэг хэсэгт нь тестостерон өгч, нөгөө хэсэгт нь яг адилхан хэлбэр дүрстэй ч эмийн үйлчилгээгүй бодис (placebo) өгч 3 жилийн турш ажиглажээ. Ингэхэд тестостероны хэмжээ 300-1000 нанограм/децилитр дотроо хэлбэлзэж, өөрчлөгдсөн хүнд ямар нэг үр дүн илэрсэнгүй. Харин тестостероны хэмжээ бага буюу 230 нанограм/децилитртэй эрчүүдийнх хэвийн хэмжээ болох 500 нанограм/децилитр руу ороход бэлгийн дуршил сайжирсан гэсэн үр дүн гарсан байна.
Чикагогийн их сургуулийн оюутнууд дунд хийсэн судалгаанд эрүүл чийрэг, дундаж нас нь 24-тэй эрэгтэй хүмүүс хамрагджээ. Судалгаанд хамрагдсан хүмүүсийн унтах хугацааг нь 8 цаг 55 минутаас 4 цаг 48 минут хүртэл болгож багасгахад тестостероны хэмжээ буурсан үр дүн гарсныг доорх зургаас харж болно.

Нэгж: наномоль/литр буюу 1 литр цусанд агуулагдах тестостероны хэмжээ
Дутуу нойртой байх (тасархай зураас) үеийн тестостероны хэмжээ бүтэн нойртой (шулуун зураас) үеийнхээс бага байгаа нь харагдаж байна.
22 цагаас өглөөний 6 цаг хүртэл тестостероны хэмжээ өссөөр дээд цэгтээ хүрч байна.
Шөнийн ээлжид ажилладаг хүн болгон нойрны эмгэгтэй (SWSD өвчтэй) гэж ойлгож болохгүй. Кливленд клиникийн мэдээлэлд шөнийн ээлжээр ажилладаг хүмүүсийн ойролцоогоор 10-40 хувь нь нойрны эмгэгтэй болдог гэжээ.
Шөнийн ээлжийн ажлаас үүдсэн нойрны эмгэгтэй удаан хугацаанд явсан хүмүүсийн эрүүл мэндэд дараах эрсдэл нэмэгддэг:
- Ханиад, томуугаар байнга тусдаг
- Холестерины түвшин нэмэгдэх
- Зүрхний өвчин
- Таргалалт
- Ходоод гэдэсний замын хямрал
- Нөхөн үржихүйн асуудал буюу тестостерон багасах
- Хэд хэдэн төрлийн хорт хавдар тусах эрсдэл
Хэрэв дараах шинж тэмдэг илэрвэл мэргэжлийн эмчид хандахыг зөвлөж байна.
- Insomnia – нойргүйдэл. Ажлаа тараад, амрах цагаар нойр хүрэхгүй байх
- Hypersomnia – нойр хэт их хүрэх. Ажлын цагаар нойр ихээр хүрэх
- Эрч хүч буурах
- Анхаарал, сэрэмж буурах
- Уур, уцаартай болох
- Толгой өвдөх
Клевландын клиникийн зүгээс шөнийн ээлжид ажилладаг хүмүүст дараах зөвлөгөөг өгчээ.
- Ажлын орчноо өөрчлөх
- Ажлаа тараад явахдаа нарны гэрлээс зайлсхийх, нарны шил зүүх
- Дараалж шөнийн ээлжид ажиллахаас зайлсхийх
- Шөнийн ээлжид ажилласны дараа дор хаяж 48 цаг амралт авах
- Хол газар явж хүрдэг ажлаас зайлсхийх
- Ажлын цаг дуусахаас өмнө каффейн хэрэглэхгүй байх
- Гэрийн орчноо өөрчлөх
- Ажлын, амралтын аль ч өдөр ижил цагт унтаж хэвших
- Унтахдаа нарны гэрлээс зайлсхийх, нүдний халхавч зүүх
- Чимээгүй орчин бүрдүүлэх
- Эмчийн заавраар мелатонины нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэх
- Нойрны эм аль болох хэрэглэхгүй байх. Хэдийгээр нойрны эм хэрэглэх нь ойрын хугацаанд унтаж амрахад туслах ч урт хугацаандаа нойрны эмээс хамааралтай болж, гаж нөлөө илрэх эрсдэл дагуулдаг.
Дүгнээд хэлбэл, шалгаж буй бичлэгт шөнийн ээлжинд ажилладаг эрэгтэйд тулгарсан асуудал гэх кэйс авсан нь шөнийн ээлжинд ажилладаг бүх эрэгтэй бэлгийн дур хүсэлгүй болдог мэт ташаа ойлголт төрүүлэх эрсдэлтэй тул олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн судалгаануудаас агуулгыг нягталлаа. Ингэхэд шөнийн ээлжинд ажилладаг хүмүүсийн тал хүрэхгүй хувь нь буюу 10-₮0 хувь нь нойрны эмгэгтэй болж, тус эмгэгээс үүдэлтэй эрчүүдийн тестостерон буурдаг болохыг тодрууллаа.