2024 оны гуравдугаар сарын 3-ны өдөр Хивс цэвэрлэгээ ОРШИХ Сервис 8077-3333 гэх хуудсаас “Монгол хүү Оросуудыг донсолгож байна цаана чинь” гэх тайлбартайгаар дуу дуулж буй хүүхдийн бичлэгийг оруулжээ. Тус бичлэг нь нийт 32 мянга гаруй реакц авч, 620 мянга гаруй хэрэглэгч үзсэн байна.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Бичлэгийг хэсгийг Google lens хайлтын системээр хайлт хийхэд бичлэгийн эх хувилбар нь Gerson TV Kids youtube сувагт 2021 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдөр “Ай-Херел Шулуу “Billie Jean”-Blind Audition “The Voice kids” 8 дугаар улирал ” гэх тайлбартайгаар нийтлэгдсэн байна.
Үргэлжлүүлэн Ай-Херел Шулуу гэх нэрээр хайхад ОХУ-д The Voice нэвтрүүлгийг гаргадаг ОРТ(Нэгдүгээр суваг)-ийн албан ёсны вэбсайтад бичлэгт гарсан хүүг Баста шүүгчийн багт орсон гэх бөгөөд ярилцлагыг орос хэлээр өгч байгааг мөн оруулжээ. Тус сайтад орсон ярилцлагын тайлбар хэсэгт Ай- Херел Шулуу хүүг 12 настай Бүгд Найрамдах Тува улсын иргэн хэмээн бичсэн байна.

Мөн Youtube сувагт Ай-Херел Шулуу гэх нэрээр хайвал хүүгийн дуулсан дуунуудын бичлэгийг орос хэл дээр бичсэн байгааг харж болох юм.
iToim.mn фейсбүүк хуудаст шалгаж буй бичлэгийг “12 настай Тува хүү Ай-Херел Шулуу “The Voice Kids Russia” шоуны шүүгчдийг доргиов. Сэргэлэн нүдтэй, авьяаслаг хүү” гэх тайлбартайгаар 2021 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр постлосон байна.