2024 оны 03 дугаар сарын 6-нд “Ulaanxvv Baarai” нэртэй хаягаас “Халамж ба хүүхдийн мөнгө” группэд “Тэтгэвэр авч байгаа хэн бүхэн, иргэн бүрт 50,000,000 төлбөр нэмэх талаар ярилцлаа. Чатаар шууд бичээрэй, ингэснээр та хамрагдах боломжтой. Бидэнд шууд мессеж илгээсэн” гэсэн тайлбартай мөнгө тоолж буй хүмүүсийн зурагтай пост оруулсан байна.
Дараах байдлаар шалгаж, хуурамч болохыг мэдээд, бусдадаа хуваалцаарай.
Хаягийг шалгах:
Пост оруулсан хаяг дээр дарж ороод хэзээ нээсэн, хаяг, холбоо барих танилцуулга байгаа эсэх, юу постолдог, хэдэн дагагч, найзтай, тэдгээрээс дундын найзтай эсэх, зураг нь бодит уу гэх зэргээр шалгаад үзээрэй. Уг хаяг нь монгол хүний нэртэй ч ашигласан зургууд нь гаднынхны зураг байна. Мөн танилцуулга хэсэгт нь тэтгэвэр нэмэхийг шийдвэрлэх, эсвэл мэдээлэх Засгийн газар, эрх баригчдыг төлөөлөх этгээд гэх шинж тэмдэггүй байгаа тул итгэж, чатаар харилцаж, мэдээллээ хуваалцаж болохгүй.
Зургаар хайх:
Нүүр, болон хавтасны зургийг google-д хайж үзээрэй. Нүүр зурагтаа оруулсан эмэгтэй нь Femmis сэтгүүлд гарсан нотариатч Майтр Франсуа гэж танилцуулгад гарч байсан байна. Харин хавтасны зураг нь 1901 онд байгуулагдсан “Монассиер Групп” гэх хуулийн үйлчилгээ үзүүлэгч компанийн мэдээлэлд ашигласан зураг байна.
Анхаарах:
Чатаар харилцах нөхцөл тавьсан л бол хуурамч байх магадлалтай гэж хардаарай. Шалгаж буй мэдээллийн сэтгэгдэл хэсэгт “Буцаан олгогдохгүй санхүүжилтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнд найзын хүсэлт илгээнэ үү” гээд чатаар харилцахыг санал болгожээ. Ингэж чатаар харилцахдаа тэтгэврийн нэмэгдэлд орохыг хүсвэл мэдээллээ үлдээх анкет явуулах бөгөөд түүнд нэр, хаяг, дансны мэдээллээ өгснөөр та хаягаа алдах, дансан дахь мөнгөө алдах эрсдэлд орлоо гэсэн үг.
Тиймээс энэ мэт хуурамч мэдээллийг хаяг, зургаар шалгаж, мэдээллээ илгээхгүй байхад анхаарна уу.