2024 оны гуравдугаар сарын 02-ны өдөр Saagii Sansar гэх хаягаас “АНУ. Дунд сургууль. Сургуульд хандив өгсөн хүмүүсийн хөлийг сурагчдаар үнсүүлж долоолгов. (педо!) Манай боловсролын яам дуурайчихгүй байгаа даа. Кэмбрижийн хөтөлбөрөөр нь ороод ирэх вий” гэх тайлбартайгаар хүний хөл үнсэж буй бичлэгийг оруулжээ. Тус мэдээлэл нь нийт 312 реакц , 81 сэтгэгдэл авч, 180 удаа цааш түгээгдэж, нийт 22 мянга гаруй хэрэглэгч үзжээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Шалгаж буй бичлэг дэх үйл явдал нь сурагчид санаачлан зохион байгуулсан өдөрлөгийн үеэр “нэгнийхээ хөлд түрхсэн газрын самрын тосыг долоож арилгах” даалгавартай хатуухан тоглоомын үеийнх байна. Уг үйл явдлын талаар холбогдох албаныхан уучлалт хүсэн мэдэгдэл гаргажээ.
Шалгаж буй мэдээлэлд дурдсан агуулгын хүрээнд Google хайлтын системээс зургаар болон агуулгаар хайхад сошиал сүлжээ болон мэдээллийн сайтуудаар “Deer Creek” сургуулийн хотхонд (тус хотхон цогцолборт бага, дунд, ахлах сургууль болон акдеми зэрэг 10 сургууль байрладаг) болсон үйл явдлын талаарх төрөл бүрийн мэдээллүүд илэрцээр гарч ирж байна.
Тодруулбал жил бүр сурагчдын зөвлөлөөс сонгосон газарт зориулан “Хандив цуглуулах гайхамшигт долоо хоног” гэх үйл ажиллагааг зохион байгуулдаг бөгөөд энэ жил “Not you average joe coffee” гэх байгууллагад зориулан хандивын үйл ажиллагааг явуулжээ. Тус байгууллага нь Оклахома хотын зургаан кофе шопод оюуны болон хөгжлийн бэрхшээлтэй сурагчид, насанд хүрэгчдийг ажиллуулдаг ашгийн бус байгууллага юм.
Fox 25 мэдээллийн сайтад 2024 оны гуравдугаар сарын 05-нд мэдээлсэн “Deer Creek” сургуулийн хотхоны захиргаанаас гаргасан мэдэгдэлд “2024 оны хоёрдугаар сарын 29-ний өдөр Deer Creek ахлах сургууль дээр “Анги хоорондын сөргөлдөөн” гэх нэртэй сурагчдын цуглааныг Хандив цуглуулах гайхамшигт долоо хоногийн нэг хэсэг болгон зохион байгуулж, 9-12 дугаар ангийн сурагчид сайн дурын оролцоотойгоор сурагчдын зохион байгуулсан олон төрлийн тэмцээнд оролцсон… Олон нийтийн сүлжээнд тарж буй бичлэгийн тухай ихэнх мэдээлэл нь үнэн зөв биш гэдгийг бид нийгэмдээ онцлон тэмдэглэхийг хүсэж байна. Гэсэн хэдий ч энэхүү өвөрмөц тоглоомоос үүдэн бид сурагчдынхаа нэр төр, хамт олныхоо бардам дүр төрхийг хамгаалж чадсангүй. Бид Антлеруудаа (тухайн сургуулийн төгсөгчил болон суралцагсдыг илэрхийлдэг бэлгэ тэмдэг) хамгаалж, эерэг талаас нь харуулах үүрэгтэй. Энэ үйл ажиллагааны хувьд стандартыг хангаж чадаагүй тул уучлалт гуйж байна.
Үүнийг давтахгүй байх, цаашдын хандив цуглуулах бүх арга хэмжээг оюутнууд, ажилчид, хамт олныхоо бахархал, хүндэтгэлтэйгээр явуулахын тулд бид арга хэмжээ авч байна…” гэж дурджээ.
Мөн тус арга хэмжээнд оролцсон сурагч бүр урьдчилан бүртгүүлсэн бөгөөд чуулганы үеэр Deer Creek-ийн багш, ажилтан оролцоогүй гэдгийг “Deer Creek” сургуулийн хотхноос мэдэгдсэн хэмээн The Oklahoman сайтад дурджээ.
Fox 25 сувгийн албан ёсны Youtube сувагт байршуулсан мэдээллийн хөтөлбөрийн хэсэгт хандив хүлээн авч буй байгууллагын гүйцэтгэх захирал тухайн байгууллага хүүхдүүд бие биеийнхээ хөлийг долоож буй үйл явдлыг төлөвлөөгүй, зөвшөөрөл өгөөгүй гэдгийг мэдэгджээ.
Мөн Оклахома мужийн нийтийн сургалтын захирагч Райан Уолтерс уг хэргийг тодруулж байгаа гэх мэдэгдлийг албан ёсны X (хуучнаар твиттер) хаягтаа оруулсан байна.
Мөн шалгаж буй бичлэгийн өөр өнцгөөс авсан хувилбарыг @Americannews гэх TikTok хаягт гуравдугаар сарын 04-ны өдөр байршуулсан байна. Тус бичлэгийг харвал насанд хүрэгчид биш сурагчид өөрсдөө оролцсон байгааг харж болох юм. Мөн бичлэгт хүүхдүүд өрсөлдөлдөж байгааг харж болно.
Иймд шалгаж буй мэдээлэлд дурдсан хандив өгсөн насанд хүрэгчийн хөлийг биш хөгжөөнт тоглоом уралдааны үеэр сурагчид бусдынхаа хөлд түрхсэн газрын самрын тосыг долоосон байна.
Сошиал сүлжээнд хандалт авахын төлөө элдэв содон зүйлийг нийтлэх үзэгдэл аль ч улсад түгээмэл байгаа бөгөөд энэ өдрүүдэд дэлхий нийтээр трэнд болж буй бичлэгт хуурамч тайлбар оруулан Монголд түгээжээ.