2024 оны 02 дугаар сарын 28-нд Дашнямын Мөнхбаатар нэртэй хэрэглэгчийн хаягаар “Нийслэлийн төв гудамжны явган хүний замыг ховхолж аваад шинэ зам тавих гэнэ. Төсөвт өртөг нь 45.6 тэрбум төгрөг. 960 хүүхдийн 5 сургууль барих мөнгө шдэ. Ингэвэл 10 мянган хүүхэд суралцана гээд бод доо” гэсэн пост оруулсан нь 1.6 мянга гаруй шэйр авсан байна.
Дараах байдлаар шалгав..
₮45.6 тэрбумыг ₮10 тэрбумаар бууруулжээ
2023 оны 12 дугаар сард батлагдсан Нийслэлийн төсөвт 2024 оны 02 дугаар сарын 19-нд тодотгол хийх санал оруулж ирснийг өчигдөр буюу 02 дугаар сарын 28-нд баталсан.
Маргаан дагуулж буй халтирдаг хавтан замыг байгалийн боржин чулуугаар солих ажилд төсөвлөсөн 45.6 тэрбум төгрөгийг 35.6 тэрбум болгон бууруулж, 10 тэрбум төгрөгөөр үерийн далангийн барилга байгууламжид зарцуулахаар болсон байна.
- Нийслэлийн төсвийн тодотголын саналд “Нийслэл Улаанбаатар хот 2024 оныг “Тохижилт-Бүтээн байгуулалтын жил” болгон зарласантай холбогдуулан Энхтайван өргөн чөлөө, Их тойруугийн гудамж, Бага тойруугийн гудамж, Олимпын гудамжнаас Их Монгол улсын гудамж, Чингисийн өргөн чөлөө, Жанжин Сүхбаатарын талбай орчмын хамарсан явган зам талбайг стандартад нийцүүлэн байгалийн боржин чулуугаар тохижуулахаар төлөвлөж, тайлант онд 45.6 тэрбум төгрөг,” тусгахаар оруулж ирсэн байв.
Харин НИТХ-ын төлөөлөгч П.Наранбаяр тэргүүтэй ХҮН намын төлөөллүүд дээрх саналыг эсэргүүцэж, намын бүлгийн 02 дугаар сарын 28-ны 10 тоот албан бичгийг өргөн барьж, байр сууриа илэрхийлж байсан.
Ингээд НИТХ-ын төлөөлөгчид хэлэлцэж, төвсийг тодотгохдоо замын хавтан солиход төсөвлөсөн 45.6 тэрбумаас 10 тэрбумыг нь үерийн даланг хүчитгэхэд зориулахаар шийдвэрлэснийг НИТХ-ын төлөөлөгч П.Наранбаяр сошиал хаягаараа мэдээлжээ.
“960 хүүхдийн 5 сургууль барих мөнгө” гэх мэдээллийн тухайд
Шалгаж буй мэдээлэлд дурдсан “960 хүүхдийн 5 сургууль барих мөнгө” гэх агуулгыг Худалдан авах арга ажиллааны tender.gov.mn сайтаас шүүж үзлээ.
2022 онд Увс аймагт 960 хүүхдийн сургууль барих ажлын 11 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй зарлаж байсан байна. Мөн онд Чингэлтэй дүүргийн 12-р хороонд 11 тэрбум төгрөгөөр 960 хүүхдийн сургууль барих ажлын зар нийтэлж байжээ.
Харин 2019 онд 7.8 тэрбум төгрөгийн төсөвтэйгөөр 960 хүүхдийн сургууль барих ажлыг “Тэргүүн чансаа” ХХК гүйцэтгэж, энэ хияээлийн жилд ашиглалтад оруулсан байна.
Эдгээр тендерийн зараас харвал 45.6 тэрбум төгрөг нь 4-5 сургууль барьж болохоор мөнгө гэхэд үнэнд ойр байна.