“Шоколад, чихэр, бохь зэргийн найрлагад нь бөөс орсон байдаг” гэх мэдээлэл худал

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #889

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“E120 гэх чанасан бөөснөөс гаргаж авдаг улаан будаг, мөн бөөсний нэг төрөл болох E904 буюу ‘shellac’ нь ихэвчлэн шоколад, самар, кофены шош зэрэгт бүрэх хэлбэрээр ашиглагддаг” хэмээн түгээжээ

Баримт шалгалтын үр дүн

E120 буюу кармин хэмээх будагч бодисыг бөөснөөс биш кошениль хэмээх кактусны шавжаас, E904 буюу ‘shellac’-ыг мөн бөөснөөс биш керриа лакка хэмээх модны шавжаас гаргаж авдаг давирхай юм.

2024 оны 2 дугаар сарын 20-ны өдөр Жамъян Долгорсүрэн гэх нэртэй фейсбүүк хэрэглэгч дараах хүнсний бүтээгдэхүүнүүдийн орцонд бөөс орсон байна гэх агуулга бүхий мэдээллийг оруулсан нь 2024 оны 2 дугаар сарын 29-ний байдлаар 84 реакц, 12 сэтгэгдэл авч, 224 удаа түгээгджээ.

E120 гэж юу вэ?

E120 буюу кармин нь кошениль хэмээх шимэгч хорхойноос гаргаж авдаг будагч бодис юм. Үүнийг АНУ-ын Хүнс, эмийн албанаас хоол, хүнсийг будах зорилгоор ашиглахыг зөвшөөсөн бөгөөд бараа бүтээгдэхүүний орцонд заавал бичиж дурдахыг шаарддаг байна.

Энэхүү бичлэгт карминыг хэрхэн гаргаж авч байгаа талаар харуулахаас гадна аливаа бараа, бүтээгдэхүүний орцонд “carmine”, “carmine acid”, “cochineal extract” зэрэг бичээстэй бол кармин агуулсан байна гэдгийг тайлбарлажээ.

E904 буюу “shellac” гэж юу вэ?

“Shellac” нь керриа лакка хэмээх Энэтхэг болон Тайланд улсад түлхүү байдаг модны шавжаас гаргаж авдаг байгалийн гаралтай давирхай юм. Энгийнээр харьцуулж хэлбэл зөгийнөөс зөгийн бал гаргаж авдагтай адилтгаж хэлж болно. “Shellac”-ийг чихэр, шоколад, бохь зэрэг хүнсний бүтээгдэхүүнүүдийг бүрэх зорилготой ашигладаг. Их Британийн Хүнсний стандартын ангетлагаас гаргасан хүнс будах, бүрэх зорилгоор ашиглагдаж болох жагсаалтад E120, E904 аль аль нь хүний биед аюул учруулахгүй хэмээн багтсан байна.

Дүгнээд харвал кармин, “Shellac” зэргийг гаргаж авахад бөөс ямар ч хамааралгүй аж. Иймд та аливаа хүнсний бүтээгдэхүүн авахдаа орцных нь мэдээллийг бусад баттай эх сурвалжтай тулгаж байна уу. Мөн эргэлзээтэй мэдээ, мэдээлэлд манай вэбсайт болон бусад улсын баримт шалгах вэбсайт руу орж, түлхүүр үгээр нь хайн худал, үнэн эсэхийг шалгаж байхыг зөвлөе.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document