Онлайн худалдан авалт хийхдээ бүтээгдэхүүнээс гадна борлуулагчийг ч шалгах нь чухал

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Үс ургуулах гэх бүтээгдэхүүн сурталчилжээ.

Баримт шалгалтын үр дүн

Тус бүтээгдэхүүнийг борлуулж буй пэйж, бүтээгдэхүүний брэнд зэрэг нь тодорхойгүй байна. Мөн сурталчилсан бүтээгдэхүүн ч амлаж буй үр дүнгээ үзүүлэх эсэх нь найдваргүй.

2023 оны 12 дугаар сарын 23-нд Dr. Hair – Эрүүл үсийг сэргээнэ нэртэй пэйжид “Ouhoe үс ургалтын серум” болон “Purc үсний ургалтын серум” гэх бүтээгдэхүүнүүдийг сурталчилсан цуврал пост оруулжээ. 2 постын тайлбар ижил буюу “1 долоо хоногт үсийг хэрхэн байгалийн жамаар хурдан ургуулах вэ. OUHOE ҮСНИЙ УРГАЛТЫН СЕРУМ . 2 долоо хоногт үсний хурдан ургалтыг дэмжинэ. Байгалийн орц найрлагатай – Хэрэглэхэд аюулгүй. Үсийг дотроос нь бэхжүүлэхэд тусалдаг. 50% хямдрал + Хүргэлт үнэгүй. Хязгаарлагдмал тоо, Баталгаат оригинал бүтээгдэхүүн. Манай албан ёсны вэбсайтаас захиалгаа өгөхийг анхаарна уу” гээд japanproduct.store гэх домайныг холбосон байна.

Тус пэйжийн мэдээллийг харвал 2023 оны 12 дугаар сарын 10-нд буюу мэдээллийг түгээхийн өмнөхөн нээсэн байна. Нэг ёсондоо зөвхөн бүтээгдэхүүний сурталчилгаа явуулах гэж нээсэн байна.

Хоёр бүтээгдэхүүний сурталчилгааны бичлэг ижил, түүнчлэн бүтээгдэхүүний харагдах байдал ч хоорондоо ижилхэн байгаа нь сэжигтэй. Purc болон Ouhoe гэх брэнд нэрээр хайв. Ouhoe брэндийн хувьд ямар нэг албан ёсны вэбсайт байхгүй. Харин Purc брэндийн хувьд өөрсдийн вэбсайттай аж. Мөн вэбсайт дээр сурталчилж буй бүтээгдэхүүний илэрц ч байна. Тус бүтээгдэхүүний зургийг ажиглавал хажуугийн үйлдвэрлэгчийн мэдээлэл хэсэгт LocRoyal Cosmetics компанид үйлдвэрлэсэн гэжээ.

LocRoyal компанийн тухай судалж үзэхэд БНХАУ-д байрлалтай гоо сайхны бараа бүтээгдэхүүн борлуулагч бөгөөд өөрсдийгөө OEM бүтээгдэхүүн борлуулдаг гэсэн байна. OEM гэдэг нь үйлдвэрлэгч хямд үнээр, ямар ч шошгогүй бүтээгдэхүүн үйлдвэрлээд борлуулагчид өөрсдийн брэнд нэрээр зарах боломжтойгоор нийлүүлдэг бизнес загварыг хэлдэг. Иймд сурталчилгаанд дурдсан Purc болон Ouhoe нар нь үйлдвэрлэгч биш, өөр үйлдвэрлэгчийн барааг борлуулж ашиг олдог байна.

Гэтэл энэ мэдээлэл бидний шалгаж буй мэдээлэлтэй нийцэхгүй байгаа юм. Учир нь тус бүтээгдэхүүнийг авах вэбсайт нь japanproduct гэсэн байна. Мөн сэтгэгдэл хэсэгт бүтээгдэхүүнийг АНУ-аас оруулж ирдэг гэжээ.

Харин japanproduct.store домайны эзэмшлийн мэдээллийг шалгахад Вьетнамд байрлалтай гэсэн илэрц гарч ирлээ.

Домайн нэрэндээ Япон, домайн эзэмшигч нь Вьетнам, бүтээгдэхүүнийг импортлох улс нь АНУ, үйлдвэрлэгч нь БНХАУ байгаа нь энэ бүтээгдэхүүн баталгаат бүтээгдэхүүн биш, мөн борлуулагч нь ч найдвартай биш гэдгийг илтгэж байна.

Вэбсайт руу зочилж үзвэл хэрэглэгчдээс нэр, утасны дугаар, гэрийн хаягийг асуусан талбар гарж ирж байгаа нь хэрэглэгчийн мэдээллийг цуглуулж байж болзошгүй. Энэ тохиолдолд хэрэглэгчийн гар утас руу нууц код явуулах, түүнийгээ эргээд чатаар асуух зэргээр хувийн хаяг, захидал харилцааны хэрэгслүүд рүү ч халдах эрсдэлтэй.

Бидний шалгаж буй бүтээгдэхүүний вэбсайтад гол орцыг цагаан гаа гэсэн байна.

IFCN буюу Олон улсын баримт шалгагчдын сүлжээний гишүүн Newsmeter баримт шалгах төв “цагаан гааны тос үсний ургалтад сайнаар нөлөөлнө гэдэг нь худал” болохыг анхааруулжээ. Тус төвийн 2023 оны 04 дүгээр сарын 13-ны баримт шалгалтад:
“Цахим сурвалжуудаас цагаан гаа хүний үсний ургалтад сайнаар нөлөөлнө гэсэн баримт олдсонгүй. Эсрэгээрээ бид цагаан гааны гол орц болох 6-gingerol идэвхтэй нэгдэл нь үсний ургалтыг дарангуйлж байсныг тогтоосон судалгааны ажил оллоо” гэсэн байна.

NewsMeter баримт шалгах төвийн дурдсан судалгааны ажлыг 2013 онд БНХАУ-ын эрдэмтэд боловсруулжээ. Туршилтаар хүний үсний булцуу болон хулганы арьсыг цагаан гааны идэвхтэй нэгдлээр үйлчилсэн байх ба үр дүнд нь аль, аль нь үсний ургалтыг удаашруулж байсан байна.

Мөн THIP Media баримт шалгах төв ч ижил төрлийн баримт шалгалтыг хийсэн байх ба үр дүнд нь мөн л цагаан гаа агуулсан бүтээгдэхүүн хүний үсний ургалтыг дэмжихгүй гэх дүгнэлтэд хүржээ.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document