2024 оны хоёрдугаар сарын 23-ны өдөр Tulga гэх хуудсанд “Галбиржуулан тураах үйлчилгээтэй кофе орж ирлээ. Өлөн элгэн дээрээ уугаад 30 минут дасгал хийхэд өдөрт 2,8 кг турна” агуулга бүхий богино хэмжээний бичлэгийг оруулжээ. Тус бичлэг нь 2024 оны хоёрдугаар сарын 29-ны байдлаар нийт 3,100 гаруй реакц, 519 удаа цааш түгээгдэж, 1,4 сая хэрэглэгч үзжээ.
Бичлэгийг нийтэлсэн хуудас нь хэдий үгүйсгэсэн тайлбартайгаар нийтэлсэн ч эргэлзээтэй мэдээллийг хуулбарлан цааш түгээсэн учир бид баримт шалгалт хийлээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар байдлаар баримт шалгалт хийлээ
Кофенд агуулагддаг гол идэвхт нэгдлүүд болох кофейн, хлороген хүчил болон бага хэмжээгээр агуулагддаг Теобромин, Теофиллин зэрэг нь хүний биеийн бодисын солилцоонд нөлөөлдөг байна.
Эдгээрээс гол хүчин зүйл болох кофеин нь аденозин хэмээх нейротрансмиттерийг (нэг мэдрэлийн эсээс нөгөөд мэдээлэл дамжуулдаг химийн бодис) хаах замаар ажилладаг бөгөөд аденозиныг хааснаар кофеин нь мэдрэлийн эсүүдийн үйл ажиллагааг нэмэгдүүлж, допамин ( ой санамж, хөдөлгөөн, сэдэл, сэтгэл санаа, анхаарал гэх мэт биеийн олон үйл ажиллагаанд үүрэг гүйцэтгэдэг мэдрэлийн дамжуулагч ба гормон) , норэпинефрин (Сонор сэрэмж, сэрэл, анхаарлыг нэмэгдүүлдэг мэдрэлийн дамжуулагч ба гормон) зэргийг ялгаруулдаг. Энэ нь танд илүү эрч хүчтэй, сэргээсэн мэдрэмж төрүүлдэг байна. “Кофейны хэрэглээ нь дасгалын туршилтад үзүүлэх нөлөө: мета-шинжилгээ”, “Кофейн хэрэглэсний дараа энергийн зарцуулалт, биеийн температурын өөрчлөлтийн харьцуулалт” болон “Кофейны хэвийн хэрэглээ: туранхай болон хэт таргалалттай сайн дурынхны термогенез болон өдөр тутмын энергийн зарцуулалтад үзүүлэх нөлөө” зэрэг судалгаануудад кофеин нь биеийг идэвхтэй байхад тусалдаг ба бодисын солилцоог 3-11%, дасгалын гүйцэтгэлийг дунджаар 11-12% нэмэгдүүлдэг хэмээн дурджээ.
Америкийн Клиник Хоол тэжээлийн сэтгүүлд хэвлэгдсэн “ Дөрвөн долоо хоногийн кофены хэрэглээ нь энергийн хэрэглээ, цадах мэдрэмжийн зохицуулалт, биеийн өөх болон ДНХ-ын бүрэн бүтэн байдлыг хамгаалахад нөлөөлж буй байдал” гэх судалгаагаар кофейны дунд зэргийн хэрэглээ (биеийн жингийн кг тутамд 3 мг ) нь бодисын солилцооны хурдыг бага зэрэг нэмэгдүүлж, илчлэгийг шатаахад хүргэдэг болохыг тогтоосон. Мөн Физиологи ба зан үйлийн сэтгүүлд хэвлэгдсэн судалгаанд кофейн нь өлсгөлөнгийн гормон болох грелиныг дарангуйлж, зарим хүний хоол хүнсний хэрэглээг бууруулахад хүргэдгийг харуулжээ.
Тэгвэл нэг аяга нэрсэн кофенд (230мл кофе) ойролцоогоор 70-140 мг кофейн агуулагддаг ба дундаж нь 95 мг орчим байдаг. Нэг удаагийн эспрессо нь 30–50 мл (1–1.75 унц) бөгөөд ойролцоогоор 63 мг кофейн агуулдаг байна. Харин шууд хэрэглэдэг кофенд (instant coffee) нь ердийн кофеноос бага кофейн агуулдаг бөгөөд нэг аяга нь ойролцоогоор 30-90 мг агуулдаг. АНУ-ын хүнс, эмийн агентлагаас зөвлөснөөр насанд хүрсэн эрүүл хүн өдөрт 400 мг кофейн уух нь аюулгүй хэмжээ гэж зөвлөсөн.
Кофейн нь богино хугацаандаа бодисын солилцоог бага зэрэг хурдасгаж, өлсөх мэдрэмжийг дарж, дасгал хөдөлгөөн хийхэд эрч хүч нэмдэг ч шалгаж буй бичлэгт дурдсан шиг их хэмжээгээр жин хаяхад нөлөөгүй бөгөөд удаан хугацааны хэрэглээнд хүний бие кофейнд тэсвэртэй болж үр нөлөө нь бага болдог.
Мөн кофейны хэт их хэрэглээнээс үүдэн сэтгэл түгших, нойргүйдэх, хоол боловсруулах эрхтний асуудал, булчингийн хямрал, донтолт, цусны даралт ихсэн, зүрхний хэм ихсэх зэрэг олон сөрөг нөлөө илэрдэг.