“Дэлхийн дулаарлаас үүдэн 2046 он гэхэд эх газрууд бүрэн усанд автана” гэх таамаглал эрдэмтдийн судалгаанд байхгүй

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #884

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Дэлхийн дулаарлаас үүдэн 2046 он гэхэд эх газрууд бүрэн усанд автана гэх мэдээлэл түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Дэлхийн дулаарлаас үүдэн дундаж температур өсөж байгаатай холбоотойгоор далайн усны дундаж түвшин жил бүр багаар өсөж байгаа ч зурагт харуулсан шиг хэмжээнд далайн түвшинд нэмэгдэх таамаглал судлаачид дэвшүүлээгүй байна.

2024 оны хоёрдугаар сарын 17-ны өдөр Зоригт Жутаа гэх хаягаас “Дулаарлаас үүдэн Хойд мөсөн далайн мөсөн уулс аажим аажмаар гэссээр л байгаа. Энэ гэсэлт энэ эрчээрээ үргэлжилсээр байвал 2046 он гэхэд эх газрууд бараг бүрэн усанд автана гэсэн судалгаа гарчээ. Бүтнээрээ үлдэж байгаа улс ганцхан бололтой. Юун газраа 100 жилээр түрээслэх, багахан галзуураад байгаарай” гэх тайбартайгаар газрын зураг дээр эх газрууд усанд автсан зургийг хавсаргасан байна. Тус мэдээлэл нь нийт 151 реакц авч,533 удаа цааш түгээгджээ. 

Шалгаж буй мэдээлэл хавсаргасан зургийг Google lens хайлтын системээр хайхад тус зургийн эх хувилбар нь DeviantArt (2000 онд нээгдсэн уран зураг, гэрэл зураг, бичлэг зэргийг оруулдаг онлайн урлагийн нийгэмлэг)-ийн вэбсайтад 2003 оны тавдугаар сарын 29-ны өдөр @surplomb гэх хаягт “Дэлхий халуурч байна….Мөсөн бүрхүүл хайлсны дараа манай гараг ямар байх бол” гэх тайлбартайгаар нийтлэгджээ.  Тэгвэл хамгийн сүүлд 2024 оны нэгдүгээр сарын 12-ны өдөр Оросын Дзен сайтад тус зургийг ашиглан цаг хугацаагаар аялагч 2046 онд дэлхийн газрын зургийг харууллаа гэх агуулга бүхий постыг оруулсан байна.  

АНУ-ийн Далай ба Агаар мандлын үндэсний захиргааны албан ёсны вэбсайтад 2022 оны 4 дүгээр сарын 19-нд гаргасан мэдээлэлд “Дэлхийн дулаарал нь далайн дундаж түвшинд хоёр янзаар нөлөөлж байна. Нэгдүгээрт, дэлхий даяар мөсөн голууд, мөсөн бүрхүүлүүд хайлж, далайд ус нэмж байна. Хоёрдугаарт, усны дулаан ихсэх тусам далайн эзлэхүүн нэмэгдэж байна. Далайн түвшний өсөлтөд нөлөөлсөн гуравдах буюу харьцангуй бага нөлөөтэй хүчин зүйл бол газар доорх шингэн усны хэмжээ буюу уст давхарга, нуур, усан сан, гол мөрөн, хөрсний чийгийн бууралт юм. Шингэн ус хуурай газраас далай руу шилжиж байгаа нь хүмүүсийн гүний усыг шавхаж байгаатай холбоотой юм” хэмээн дурджээ. 

Туйлын эрдэмтдийн олон улсын хамтын ажиллагаа болох Ice sheet Mass Balance Inter-Comparison Exercise (IMBIE) -ийн 2023 онд хийгдсэн “1992-2020 он хүртэл Гренланд ба Антарктидын мөсөн бүрхүүлийн массын тэнцвэр” судалгаагаар 1992 оноос 2020 он хүртэлх 28 жилийн хугацаанд мөсөн бүрхүүлийн мөсний алдагдал нь дэлхийн далайн дундаж түвшнийг ойролцоогоор 21 миллиметрээр өсгөсөн гэх судалгаа гаргажээ.  

NASA-ийн дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн сайтын баримт хэсэгт орсон “Хойд туйлын далайн мөсний хамгийн бага хэмжээ” мэдээлэлд  “Зуны улиралд Арктикийн далайн мөсний хэмжээ дулааны улмаас арван жилд 12.2 хувиар багасаж байна“ гэж мэдээлсэн. Мөн тус хэсгийн “Мөсөн бүрхүүлүүд” гэх мэдээлэлд  “Дэлхийн дулаарлын улмаас дэлхийн цэнгэг усны гуравны хоёр орчим хувийг хадгалдаг Гринланд  болон Антарктид тус бүр жилд дунджаар 270 тэрбум тонн, 150 тэрбум тонноор алдаж байна. Эдгээр мөсөн бүрхүүлээс гарч буй хайлсан ус 1993 оноос хойших далайн түвшний дундаж өсөлтийн гуравны нэг орчим хувийг эзэлж байна” хэмээжээ. 

Тэгвэл далайн усны дундаж түвшнийг “түрлэг хэмжих” болон “хиймэл дагуул ашиглан өндрийн хэмжилт хийх” гэсэн хоёр үндсэн аргаар хэмждэг.  Хиймэл дагуулын өгөгдөлд суурилан 2023 оны усны дундаж түвшин 1993 онтой харьцуулахад 100 мм-ээр өссөн харьцуулалтыг NASA-ийн дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн сайтад мэдээлсэн байна. 

НҮБ-ын IPCC-ээс  2023 онд гаргасан цуврал тайлан (уур амьсгалын өөрчлөлтийн талаарх шинжлэх ухаан, техник, нийгэм-эдийн засгийн мэдээллийн үнэлэн гаргадаг цуврал тайлан)-ийн зургаадугаар цувралын 9 дүгээр бүлэгт ирээдүйд дэлхийн дундаж температурын өсөлтөөс хамаарсан усны дундаж түвшний өсөлтийн таамаглалыг гаргажээ. Тус мэдээлэлд дэлхий дундаж температурын өсөлт цельсийн 1.5 хэм байвал 2050 онд 16-24см-ээр, 2100 он гэхэд 34-59 см-ээр өсөх бол температурын өсөлт ойролцоогоор цельсийн 5 хэмд хүрэх нь бага магадлалтай ч өндөр нөлөөлтэй хэмээн үзэж мөсөн бүрхүүлийн тогтворгүй байдал далайн усны түвшнийг энэ зууны сүүл гэхэд л 2 метр хүртэл ихэснэ гэж анхааруулжээ

Харин уур амьсгалын өөрчлөлтийн шинжлэх ухааны талаар дүн шинжилгээг олон нийтэд мэдээлдэг Climate Central байгууллагаас танилцуулсан “Далайн түвшний өсөлт, эрэг орчмын үерт өртөх дэлхийн эмзэг байдлын талаарх гуравласан тооцоололд суурилсан шинэ өндөрлөгийн өгөгдөл” гэх судалгаагаар 2050 он гэхэд далайн усны түвшин урьд өмнө таамаглаж байснаас 3 дахин олон хүнд нөлөөлж хэд хэдэн далайн эрэг орчмын хотыг усанд автуулна хэмээн дүгнэжээ. 

Тус судалгааны хүрээнд далайн түвшний өсөлт болон эрэг орчмын үерийн аюулыг харуулсан газрын зургийг дүрслэн бүтээсэн байна. 

Тус газрын зургаас 2030 оноос эхлэн 2150 он хүртэлх далайн усны түвшний өсөлтийн таамаглалыг харах боломжтой. Мөн дундаж усны түвшин хэдэн метрээр өсвөл эргийн хотууд усанд автахыг, 2100 он гэхэд дэлхийн дундаж температурын өсөлтөөс хамаарсан далайн усны түвшин зэргийг харах тохиргоотой байна.  

Дэлхийн дулаарлаас үүдэн дундаж температур өсөж байгаатай холбоотойгоор далайн усны дундаж түвшин жил бүр нэмэгдэж байгаа ч шалгасан мэдээлэл дэх зурагт харуулсан шиг цөөн хэдэн улс, эх газар үлдэх таамаглалыг судлаачид дэвшүүлээгүй байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document