Нэг жилийн хугацаатай ₮10 саяын зээлтэй малчин 20.5 хувийн хүүгээс 6%-ийг буюу дунджаар 70 орчим мянган төгрөг төлнө

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #872

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Д.Амарбаясгалан: Малчны зээлийн хүүгийн 25 хувийг малчид өөрсдөө, 75 хувийг төрөөс төлнө” гэх тайлбартай пост оруулжээ.

Баримт шалгалтын үр дүн

Засгийн газрын ээлжит хуралдаанаар арилжааны банкуудад байгаа малчдын зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн хугацааг хойшлуулах, малчдын төлөх зээлийн хүүг зургаан хувь байхаар тооцож, зөрүүг нь төрөөс хариуцан төлөх асуудлыг судалж байна.

Өчигдөр буюу 2024 оны хоёрдугаар сарын 28-нд Засгийн газрын ээлжит хуралдаан болж, өвөлжилт, хаваржилтын хүндрэлийг даван туулахтай холбогдох багц шийдвэр гаргасан бөгөөд энэ хүрээнд малчдын зээлийн талаар авах арга хэмжээний тухай танилцуулсан. 

Үүнтэй холбогдуулан хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон цахим орчинд малчдын зээлийн хүүгийн төлөлттэй холбоотой төөрөгдүүлж болохуйц ойлголтын зөрүү үүсгэх магадлалтай мэдээллүүд гарч байна. Тодруулбал, news.mn мэдээллийн сайтын фэйсбүүк хуудаст “Д.Амарбаясгалан: Малчны зээлийн хүүгийн 25 хувийг малчид өөрсдөө, 75 хувийг төрөөс төлнө” гэх тайлбартай постыг оруулжээ. Энэ нь малчны зээлийн хүү 20.5 орчим хувь байдгийг 100% гэж үзвэл малчдын төлөх зургаан хувь нь 25% орчим болно гэсэн үг юм.

Албаны мэдээлэл

Өчигдөр болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар арилжааны банкуудад байгаа малчдын зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн хугацааг нэг жилээр хойшлуулах, малчдын төлөх зээлийн хүүг зургаан хувь байхаар тооцож, зөрүүг нь төрөөс хариуцан төлөх асуудлыг судалж, Монголбанк болон арилжааны банкуудтай зөвшилцөн Засгийн газарт танилцуулсны дараа тогтоол гарган батлахаар болсон байна. /бичлэгийн 21:08 цагаас эхэлнэ/

Улсын хэмжээнд буй малчдын зээлийн хэмжээг авч үзвэл нийт 1.3 их наяд төгрөгтэй тэнцэж байна. Харин үүнд хуримтлагдах хүүгийн төлбөр нь 280 орчим тэрбум төгрөг болж байгаа аж. 

Арилжааны банкуудын олгодог малчны зээлийн хүү жилд дунджаар 20.5 хувь байна. Үүний 6%-ийг малчид өөрсдөө төлөх бол үлдсэн 14.5 хувь буюу 220 орчим тэрбум төгрөгийг Засгийн газраас төлөхөөр судалж буй юм. Тэгэхээр үлдсэн 60 орчим тэрбум төгрөгийг малчид өөрсдөө төлөхөөр болох юм. Энэ нь нийт зээлийн хүүгийн 25 орчим хувь болох юм.

Жишээ болгон авч үзвэл, Хаан банкнаас нэг жилийн хугацаатай 10 сая төгрөг зээлсэн малчин сард 928,740 төгрөгийг үндсэн зээлдээ төлнө.

Харин зээлийн хүүний тухайд сар бүр буурсан үзүүлэлттэй явах юм. Хаан банкны цахим тооцоолуур бүхий доорх хүснэгтэд харагдаж байгаачлан, 10 саяын зээлтэй малчин жилд нийт 1,146,083 төгрөгийг зээлийн хүүндээ төлөх байсан бол Засгийн газрын шийдвэр эцэслэгдэн батлагдвал зээлийн хүүгийн зургаан хувь буюу 69,000 орчим төгрөгийг өөрсдөө төлнө гэсэн үг болж байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document