2024 оны 2 дугаар сарын 23-ны өдөр tuul_41 нэртэй инстаграм хэрэглэгч “Монгол улсад 2023 онд 9 улсаас 6,942,319 тонн, 2024 онд 6 улсаас 820,431 тонн бэлэн гоймон импортолсон” гэх тайлбартай, гоймонг микроскопоор харахад хорхой байгаа мэт бичлэгийг оруулсан нь 2024 оны 2 дугаар сарын 28-ны байдлаар 6200 гаруй реакц, 140 сэтгэгдэл авч, 16,000 гаруй удаа цааш түгээгджээ.
Бид дараах байдлаар байдлаар баримт шалгалт хийлээ
Гаалийн статистикаас авсан бэлэн гоймон импортын мэдээлэл
Гаалийн ерөнхий газрын гадаад худалдааны барааны статистик мэдээлэл авдаг албан ёсны вэбсайт руу ороод барааны нэр дээр “бэлэн хоол” гэж хайвал дараах импортын тоо хэмжээ гарч ирэх бөгөөд мөн excel файлаар татаж авах боломжтой.
- 2023 онд 21 улсаас 2,030 гаруй тонн,
- 2024 онд 7 улсаас 176 гаруй тонн байжээ.
Эндээс үзвэл бичлэгийн тайлбар дээрх “Монгол улсад 2023 онд 9 улсаас 6,942,319 тонн, 2024 онд 6 улсаас 820,431 тонн бэлэн гоймон импортолсон” гэх мэдээлэл худал байна.
Бэлэн гоймон дотор амьд хачиг, хорхой байх боломжтой юу?
Шалгасан бичлэгт бэлэн гоймонг микроскопоор харахад дотор нь хачигтай төстэй хорхой байгаа мэт харагдана.
Бичлэгт өөрөө шинэ бэлэн гоймон задлан микроскопоор харсныгаа хог хаягдалтай гоймонг микросопоор харсантай харьцуулан үзүүлжээ. Энэ YouTube суваг нь микроскопоор төрөл бүрийн сонирхолтой зүйлийг томруулж харж, бусадтай хуваалцдаг танин мэдэхүйн суваг юм.
Дараах бичлэгээс Солонгос улсад бэлэн гоймонг хэрхэн хийж байгаа үйл явцыг харж болно. Бичлэгийн 2:28 дээр гоймонг цельсийн 102 градуст жигнэж байгаа нь харагдана. Бактери, вирус, хортон шавж зэргээс сэргийлдэг ариун цэврийн бүтээгдэхүүнээрээ танигдсан Sanytol компанийн албан ёсны вэбсайт дээр хачиг нь цельсийн 60 градуст устгагддаг гэж зөвлөжээ. Иймд бэлэн гоймон хийх явцад хачиг амьдаараа байх боломжгүй нь харагдаж байна.
Аливаа тоо баримттай мэдээ мэдээллийг албан ёсны эх сурвалжаас аваарай.
Ямар нэг бараа, бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн үйл явцыг мэдэхийг хүсвэл “process of”…-ын араас хайж буй бараа, бүтээгдэхүүнээ бичиж хайн YouTube-ээс үзэх боломжтой.
Нэмэлт мэдээлэл
Хэдийгээр бэлэн гоймон тогтмол идэх нь эрүүл мэнд шууд сөргөөр нөлөөлөхгүй ч хүний бие хоол хүнснээс өдөр тутамдаа авах ёстой шим тэжээлээ бэлэн гоймонгоос авч чаддаггүй байна. Үүнээс үүдэн зүрх судасны өвчин үүсэх, бодисын солилцооны доголдол үүсэх зэрэг эрсдэл гарч болно” хэмээн эрүүл мэндийн сэдвээр дагнасан Healthline вэбсайт “Бэлэн гоймон таны биед муу юу, сайн уу” гэсэн нийтлэлдээ бичжээ. БНСУ-ын 6440 хүний дунд хийсэн судалгаанд бэлэн гоймон тогтмол иддэг хүмүүсийн протейн, фосфор, кальци, төмөр, витамин А, витамин С зэргийн хэмжээ бэлэн гоймон огт иддэггүй хүмүүсийнхээс харьцангүй бага байна гэсэн үр дүн гарчээ. Мөн энэ нийтлэлд бэлэн гоймонг яаж эрүүл хоол болгох тал дээр “бэлэн гоймонд агуулагдах нүүрс ус маш бага тул дараах хүнсний бүтээгдэхүүнийг бэлэн гоймондоо нэмж хэрэглэнэ үү” хэмээн зөвлөжээ.
- Шинэ ногоо – лууван, броккили, мөөг, сонгино зэрэг (илүү шим тэжээлтэй болгоно)
- Өндөг, тахиа, загас, дүпү (илүү протейнтэй болгоно)