2024 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Monnews нэртэй фейсбүүк пэйж “Хүмүүсийн тэр бүр мэддэггүй аюул: Ямар витамины дутагдал элгийг өвчлүүлж, гэмтээдэг вэ?” гэх гарчигтай, uaanbaatar.me гэх домэйн нэртэй сайтын холбоосыг хавсаргасан мэдээлэл оруулсан нь 2024 оны 2 дугаар сарын 28-ны байдлаар 180 гаруй реакц, 21 сэтгэгдэл авч, 347 удаа цааш түгээгджээ.
Хавсаргасан линк дэх мэдээлэл нь 2023 оны 11 дүгээр сарын 14-нд нийтэлсэн гэсэн байна.
Мэдээллийн тархалтыг CrowdTangle хэрэглүүрээр нягтлахад Мэдээлэл, Ulaanbaatar news, Public News, Xemnel news, News Club зэрэг пэйжид нийт 24 удаа холбоосыг хавсаргасан пост оруулж, 888 хариу үйлдлээр идэвхжүүлсэн байна. Үүнээс 523 нь шэйр хийж цааш түгээсэн байна.
Бид дараах байдлаар байдлаар баримт шалгалт хийлээ
Витамин гэж юу вэ?
АНУ-ын Сиракусын их сургуулийн профессор, эмийн химич Роберт П. Дойл витамины талаар ийн нийтэлжээ. “Витамин нь хүний бие өөрөө бий болгож чаддаггүй, хоол хүнсээс авдаг амин дэмийг хэлнэ. Өнгөрсөн 100 жилийн хугацаанд бид шинэ B витамин нээх болгондоо, нээсэн дарааллын дагуу дугаарласаар ирсэн. Жишээ нь, хамгийн сүүлд нээсэн B витамин бол B12. Витаминуудыг гүн гүнзгий судлахын зэрэгцээ бид анх нээж, нэрлэж байхдаа олж хараагүй зүйлийг мэдэж авсан юм. Энэ нь юу байсан бэ гэхээр зарим B витаминыг хүний бие өөрөө бий болгодог ба эдгээрийн нэг нь B4 витамин юм. Иймд B4 нь витамин гэх тодорхойлолтоос хасагдсан” гэжээ.
Холин гэж юу вэ?
Холин бол хүний биеийн хэвийн үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай шим тэжээлийн нэг юм. Хэдийгээр хүний элэг бага хэмжээгээр холин ялгаруулах боловч хоол хүнснээсээ нэмэлтээр авах шаардлагатай. Холин нь органик, усанд уусдаг нэгдэл бөгөөд элэгний үйл ажиллагаа, тархины хөгжил, булчингийн хөдөлгөөн, мэдрэлийн систем болон бодисын солилцоонд нөлөө үзүүлнэ.
56 мянга гаруй эмэгтэй оролцсон судалгаанд холины өндөр хэрэглээтэй эмэгтэйчүүд нь холины бага хэрэглээтэй эмэгтэйчүүдээс элэгний өвчтэй болох эрсдэл нь 28 хувиар бага байна гэсэн үр дүн гарчээ. Өөр нэг судалгаагаар архинаас үүдээгүй элэгний өвчтэй хүмүүсийн холины хэрэглээ бага хэсэг нь илүү хүндээр өвдөж байна гэсэн дүгнэлтэд хүрчээ. Дээрх судалгаануудаас бид холины дутагдал элэгний үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг гэдгийг мэдэж байгаа ч, холины хэрэглээ шаардлагатай хэмжээнээс хэдий хэмжээний бага байгаа нь элгэнд сөргөөр нөлөөлж байгаа эсэх тодорхой бус юм.
Холины шаардлагатай хэмжээ хүн бүрд өөр өөр байх боловч өдөрт авах ёстой холины хэмжээг хиймэл оюун ухаан дараах байдлаар гаргажээ.
Нас | Өдөрт авах хэмжээ |
0-6 сар | 125 мг |
7-12 сар | 150 мг |
1-3 нас: | 200 мг |
4-8 нас | 250 мг |
9-13 нас | 375 мг |
14-19 нас | эрэгтэй 550 мгэмэгтэй 400 мг |
19-өөс дээш | эрэгтэй: 550 мгэмэгтэй: 425 мгХөхүүл эмэгтэй: 550 мгЖирэмсэн эмэгтэй: 930 мг |
Холин их хэмжээгээр агуулсан хүнсний бүтээгдэхүүнүүд
- Үхрийн элэг (68 грам тутамд 290 мг холин)
- Тахайны элэг (68 грам тутамд 222 мг холин)
- Өндөг (1 чанасанд өндгөнд 113 мг холин)
- Салмон загас (110 грам тутамд 62.7 мг холин)
- Броккили
- Цэцэгт байцай
- Шар буурцгийн тос
Дүгнээд хэлбэл, холины дутагдал нь элгийг өвчлүүлэх шалтгаануудын нэг байж болох ч “Согтууруулах ундаа хэрэглээгүй үед элэг өвчлөх нь холины дутагдалтай холбоотой байдаг” гэж шууд дүгнэх нь өрөөсгөл ойлголт юм. Учир нь элэг өвчлөх нь холины дутагдлаас гадна өөр оло н шалтгаанаас үүдэх боломжтой. Жишээлбэл, ус хангалтгүй уух, тамхины хэрэглээ, сахрын хэрэглээ, хоолны дэглэм, жингийн илүүдэл болон эм бэлдмэлийн хэтэрсэн хэрэглээ зэргээс шалтгаалж болох юм.
Иймд та цахим орчинд эрүүл мэндийн мэдээ, мэдээлэл авахдаа давхар эх сурвалжаар баталгаажуулж, нэмэлтээр ямар нэг эм бэлдмэл, витамин, шим тэжээл хэрэглэхээсээ өмнө мэргэжлийн эмчээс заавар, зөвлөгөө авахыг зөвлөж байна.