2024 оны 02 дугаар сарын 17-нд ulaanbaatar.me домэйн нэртэй вэбсайт “Гэрийн нөхцөлд бэлтгэх үрчлээний эсрэг хамгийн сайн тос хийх нууц жор” гэх гарчигтай мэдээллийг нийтэлжээ. Тус нийтлэлд тайлбарласнаар энэ жорын гол орц нь желатин бөгөөд “…желатин нь арьсыг цэвэрлэж, цайруулахаас гадна хэт тослог болохоос хамгаалдаг юм. Тэгвэл энэ хэрэгтэй зүйлийг яагаад нүүрний тос болгож болдоггүй билээ? Цэвэрхэн, ямар ч үрчлээгүй нүүр царайтай болцгооё!” хэмээжээ. Энэ жорыг желатинаас гадна зөгийн бал, глицерин, салицилийн хүчил эсвэл аспирин хольж гаргаж авахыг зөвлөсөн байна.
FACTCHECK: Бид дараах байдлаар байдлаар баримт шалгалт хийлээ
Желатин нь бодисын бүтцийн хувьд коллагентай дүйцэхүйц бөгөөд нэг халбага желатинд 6 грамм орчим уураг агуулагддаг байна. Коллаген болон желатин нь хоёулаа 19 төрлийн амин хүчлийг агуулдаг ба желатин нь коллагены боловсруулсан хувилбар гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл коллагеныг янз бүрийн үйлдвэрлэлийн процесст шингэрүүлэх эсвэл халаан ашигладаг байна. Сүүлийн жилүүдэд желатин нь коллагентай ижил бүтэцтэй тул зах зээлд ийм найрлагатай гоо сайхны бүтээгдэхүүн ихээхэн олны анхааралд өртөж байгаа аж.
Хэдийгээр коллаген болон желатинд агуулагддаг амин хүчлүүд нь үс, арьс, үе мөчний уян хатан байдалд чухал нөлөөтэй ч, үрчлээг арилгах үйлчилгээ нь батлагдаагүй байна.
АНУ-ын Кливлендийн клиник коллагены үйлчилгээний тухай мэдээлснээр “Арьсныхаа харагдах байдлыг сайжруулах гэж байгаа бол коллагены найрлагатай нэмэлт бүтээгдэхүүнүүд нь хамгийн сайн сонголт биш юм. Яагаад гэвэл энэ төрлийн бүтээгдэхүүнүүд үйлчилгээтэйг эсвэл аюулгүй эсэхийг баталсан шинжлэх ухааны баримт байхгүй.” гэсэн ба тус эмнэлгийн арьсны эмч Шилпи Хетарпалын тайлбарласнаар “Коллагентай бүтээгдэхүүн арьсны бүтцийг хязгаарлагдмал түвшинд сайжруулсан тухай цөөн судалгаа бий. Гэхдээ тэдгээр нь бүгд үйлдвэрлэгчдийн дэмжлэгтэй хийгдсэн судалгаанууд гэдгийг анхааруулах хэрэгтэй. Харамсалтай нь нэмэлт бүтээгдэхүүний үйлдвэрлэл хангалттай зохицуулагдаагүй, бүтээгдэхүүнээ буруу тайлбарлах, бохирдуулж байсан түүхтэй.” хэмээсэн байна.
Тодруулбал, коллагены найрлагатай ямар нэг бүтээгдэхүүн хэрэглэсэн ч коллаген дэх уураг нь ходоод гэдсэнд шимэгдэж задарсны дараа буцаж нийлэгжихдээ үс, арьс, хумс гэх мэт тухайн бүтээгдэхүүний сурталчилсны дагуу үйлчилгээ үзүүлэх эсэх нь тодорхойгүй байдгийг АНУ-ын Мэйо клиникээс мэдээлж байсан байна.