Олны танил хаягийг дуурайлган, бичлэгийг тоглуулж буй цахим залилангийн мэдээллээс сэргийлээрэй

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #878

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Сайн уу” гэж хэлсэн эхний 400 хүнд 300,000 төгрөг өгнө гэх шууд дамжуулалт хийсэн байна.

Баримт шалгалтын үр дүн

Хялбар аргаар мөнгө олох боломжтой гэх мэдээлэл таныг цахим залилангийн хохирогч болгох эрсдэлтэйг анхаарна уу.

2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр “Солонгон-Ааштын-Увидас” нэртэй фэйсбүүк хуудас “САЙН ОРОЙ, Эхлэл. Та бүхнийг аз жаргалтай байгаасай гэж найдаж байна!! (Сайн уу) гэж хэлсэн эхний 400 хүнд 300,000₮ олгоно” гэх тайлбартайгаар 4 цаг 29 минутын турш шууд дамжуулалт хийжээ. Одоогийн байдлаар тус бичлэг нь 529 реакц, 2,2 мянга гаруй сэтгэгдэл, 37 мянган хүнд хүрсэн байна. 

Уг бичлэгийнхээ сэтгэгдэл хэсэгт “Анхааруулга! Миний шууд нэвтрүүлгийг фэйсбүүкийн 15-25 группт шэйр хийсэн хүнд би шагнал өгөх болно! Одоо үүнийг хийх!” гэж бичихээс гадна дарж орох линк байршуулсан байна. 

Хаягийг шалгах

“Солонгон-Ааштын-Увидас” хуудас нь 332 дагагчтай. 2023 оны 11 дүгээр сарын 16-нд “Ka Mangyan” гэх нэрээр нээж, гурван удаа өөрчлөн, 2024 оны 02 дугаар сарын 26-нд одоогийн нэрээр нэрлэжээ.

Пэйжийн хөтөлсөн түүх нь ганцхан зурагтай, хоёр бичлэг байршуулсан байх бөгөөд хоёр бичлэг нь “мөнгө өгнө” гэх агуулгатай байна.Мөн сэтгэгдэл хэсэгт “300,000₮ энд дарж нэрээ амжилттай бүртгүүлээрэй” гээд mongoliayess.blogspot.com гэх дурын хэрэглэгч нээх боломжтой сайтын линкийг оруулсан байна.

Уг линкээр орж, 300,000 мянган төгрөг авна гэж ойлгоод хувийн мэдээллээ бөглөхөд та хаягаа, дансан дахь мөнгөө алдах зэрэг эрсдэлд орох тул бүү дараарай.

Албан ёсны хаягийг олох нь

“Солонгон ааштын увидас” нэрээр Facebook-т хайхад 2018 оны 11 дүгээр сарын 30-нд нээгдсэн, 427 мянган дагагчтай албан ёсны хуудас гарч ирсэн. Аливаа хаягийг шалгах нэг арга нь линк дэх нэрийг харах юм. Шалгаж буй мэдээллийн хувьд:

  • Жинхэнэ пэйжийн URL нь: https://www.facebook.com/solongonaashtiinuvidas бол
  • Дуурайж үүсгэсэн пэйжийн URL нь: https://www.facebook.com/profile.php?id=61553659768101 байгааг анзаараарай.

Тухайн бичлэгийг 2023 оны 12 дугаар сарын 13-нд “1.400.000 төгрөгний үнэ бүхий гангар шаазан Цахилдаг комоо бэлэглэх лайв” гэх тайлбартайгаар оруулж байжээ. Энэхүү шууд дамжуулалтыг 33 минутын турш хийсэн бөгөөд азтанаа тодруулсан байна.  

Бусдын нэр, бичлэгийг ашиглан цахим залилан хийх тохиолдол ихэссээр байна. Хялбар аргаар мөнгө олох боломжтой гэх мэдээллийг дээрх аргаар шалгаад үзэж байгаарай. Мөн та хариуцлагатай байж, тухайн мэдээллийг репортлох боломжтой ба эх сурвалжид хавсаргасан холбоосоор нэвтэрч луйврын шинжтэй мэдээллийг репорт хийх заавартай танилцана уу.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document