2024 оны 2 дугаар сарын 21-ны өдөр Selenge Enkhchuluun нэртэй фейсбүүк хэрэглэгч “Д витамины талаар хэрэгтэй мэдээлэл байна. Д витамин хүүхдийн уушгийг хамгаалдаг гэнээ” гэх мэдээлэл оруулсан нь 2024 оны 2 дугаар сарын 27-ны байдлаар 59 гаруй реакц, 10 сэтгэгдэл авч, 49 удаа цааш түгээгджээ.
Бид дараах байдлаар байдлаар баримт шалгалт хийлээ
Шалгасан мэдээлэлд “Англи улсад”, “Их Британид Копенхагены Их Сургуульд” тус судалгааг хийсэн хэмээн ташаа мэдээлжээ.
Энэхүү судалгааг Дани улсын нийслэл хот Копенхагенд хийсэн бөгөөд Их Британид Копенхагены их сургууль гэж байдаггүй.
Харин шалгасан мэдээлэлд хавсралтаар зураг болгон оруулсан энэхүү судалгааны талаарх нийтлэлийг Их Британийн The Times сонины (тухайн үедээ) эрүүл мэндийн сурвалжлагч Eleanor Hayward бичжээ.
Дээрх судалгаа юуг судалж, үр нь дүн яаж гарсан бэ?
Копенхаген их сургуулийн доктор Nicklas Brustad-ийн гүйцэтгэсэн “Жирэмсэн эхчүүд загасны тос болон Д витаминыг нэмэлтээр хэрэглэх нь хүүхдийн төвөнхийн бачуурал үрэвслийн эсрэг нөлөөлөх нь” гэх судалгааны абстракт нь “Төвөнхийн бачуурал үрэвсэл нь бага насны хүүхдэд түгээмэл тохиолддог параинфлуензийн вирусээс үүсдэг амьсгалын замын эмгэг юм. Хэдийгээр урьдчилсан сэргийлэх арга зам байхгүй хэдий ч, төрөхийн өмнөх нэмэлт шим тэжээлийн эерэг нөлөөг бид судалсан юм” хэмээсэн байна.
Судалгааны зорилго нь жирэмсэн эхчүүд төрөхөөс өмнө,
- 1. Оливын тос болон загасны тос хэрэглэсний ялгаа,
- 2. Д витаминыг энгийн тунгаар (400 IU/d) болон өндөр тунгаар (2800 IU/d) хэрэглэсний ялгааг тус тус олж харах байв.
Хэрэглэсэн хугацаа нь 24 долоо хоногтой жирэмсэн үеэс төрсний дараах 1 долоо хоног хүртэл байсан бөгөөд хүүхдүүдийг 3 нас хүртэл нь ажиглажээ.
Доктор Никлас Брустад энэхүү судалгаагаа Европын амьсгалын замын нийгэмлэгээс зохион байгуулсан 2022 оны олон улсын хурал дээр танилцуулахдаа “Одоогоор энэ эмгэгээс урьдчилан сэргийлэх вакцин байхгүй тул өөрөөр урьдчилан сэргийлэх арга замыг олох хэрэгтэй байна. Бидний судалгаагаар жирэмсэн эхүүд Д витамин болон загасны тос хэрэглэх нь бага насны хүүхдийн төвөнхийн бачуурал үрэвслийн эсрэг эерэг үр дүнтэй байж болох юм гэдэг нь харагдсан. Ихэвчлэн нярай болон бага насны хүүхдүүдэд тохиолддог энэ эмгэгт жирэмсэн үе чухал гэдэг нь харагдаж байна. Бид нар яг ямар замаар витамин Д болон загасны тос сайнаар нөлөөлж байгааг тогтоогоогүй байгаа ч, нярай болон бага насны хүүхдүүдийн дархлааны системд сайнаар нөлөөлж халдвар, вирусээс хамгаалж байж магадгүй юм” хэмээн ярьжээ.
Мөн энэ талаар Европын амьсгалын замын нийгэмлэгийн уушги болон амьсгалын замын хөгжлийн тэргүүн Хейделбэргийн их сургуулийн профессор Рори Морти ийн хэлжээ. “Бид жирэмсний үе нярай болон бага насны хүүхдийн уушгит нөлөөлдөг гэдгийг мэддэг билээ. Жишээ нь, жирэмсэн эхчүүд тамхи татдаг бол нярай хүүхдийн уушги нь муу байх магадлалтай. Мөн жирэмсэн эхчүүд ямар хоол хүнс хэрэглэх нь нярай хүүхдийн уушги ямар байхад нөлөөлдөг нь тодорхой болсоор байна. Энэ судалгаа нь жирэмсэн үеийн Д витамин болон загасны тосын хэрэглээ нь нярай болон бага насны хүүхдүүдэд сайнаар нөлөөлж байгааг харууллаа. Цаашдаа энэ сэдвээр илүү гүнзгий, дэлгэрэнгүй судалгаа харахыг хүсэж байна. Жирэмсэн эхчүүд ямар нэг нэмэлт витамин, бүтээгдэхүүн хэрэглэхдээ заавал эмчээс зөвлөгөө авч, зааврын дагуу хэрэглэхийг зөвлөж байна” гэжээ.
Дүгнээд хэлбэл энэ судалгаагаар “Д витамин болон загасны тос уушгийг хамгаалдаг” гэсэн үр дүн дурдагдаагүй бөгөөд гагцхүү “жирэмсэн эхчүүд Д витамин болон загасны тос хэрэглэх нь нярай болон бага насны хүүхдийн дархлааны системд сайнаар нөлөөлж байж болох юм” гэсэн үр дүн гарчээ. Иймээс жирэмсэн эхчүүд ямар нэг витамин, нэмэлт бүтээгдэхүүнийг дур мэдэн хэрэглэхгүй байх, хэрэглэхээсээ өмнө заавал мэргэжлийн эмчээс заавар, зөвлөгөө авч байхыг зөвлөж байна.